Хамгийн өндөр цалинг уул уурхайнхан авдаг

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр цалинг уул уурхайнхан авдаг

Хамгийн өндөр цалинг уул уурхайнхан авдаг

Энэ оны арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар өнөөдөр /2017.12.12/ Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.


Энэ үеэр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 11 дүгээр сард 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.4 их наяд төгрөг болсон тухай албаныхан дуулгалаа. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 980.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар тус хорооны статистикч Ю.Батзориг тайлбарлав.

Тээврийн хэрэгслийн үнэ инфляцид нөлөөлжээ

Инфляцийн түвшин улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин өмнөх оны эцсээс 5.8 хувь, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар тус тус өссөнийг албаныхан дуулгалаа.

Энэ өсөлтөд дотоодын хүнсний бүтээгдэхүүн болон импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн худалдан авалтын үнэ хамгийн их буюу 21.3 хувийг эзэлж байгаа бол төмс хүнсний ногооны бүлгийн үнэ буюу согтууруулах ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнэ 19.5 хувийг эзэлж байв.

Харин өнгөрсөн сараас 0.1 хувиар өсөхөд эм тариа, эмнэлгийн үйлчилгээ бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь бусад бараа үйлчилгээ 1.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэв.

Хамгийн их цалинг уул уурхай, олборлолтын салбарынхан авдаг 

Хүмүүсийн сонирхлыг татдаг статистик бол иргэдийн дундаж цалин үзүүлэлт юм. Уг үзүүлэлтийг гаргахдаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг үндэслэн гаргадаг байна.

Энэ оны гуравдугаар улиралд нийт 38 мянган аж ахуй нэгж байгууллагын 606.3 мянган ажиллагчид хамрагджээ. Ажиллагчдын 36 хувь буюу 218.6 мянга нь 500-900 мянган төгрөгийн цалинтай бол 16.6 хувь нь 900-1300 мянган төгрөгийн цалинтай ажээ. Харин 17.8 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай бол 11.7 хувь нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай гэсэн тоон статистик гарчээ.

Эдгээрээс хамгийн их буюу 2.2 сая төгрөгийн цалинг уул уурхай олборлолтын салбарынхан авдаг байна. Харин хамгийн бага буюу 605.6 мянган төгрөгийн цалинг урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх авдаг гэлээ.

Ам.долларын ханш 2448 төгрөг болжээ

Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны арваннэгдүгээр сард 2448.86 төгрөг болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 14.54 төгрөг буюу 0.6 хувиар суларч, өмнөх сараас 0.4 хувиар чангарсан байна.

Харин төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 369.78 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 13.77 төгрөг буюу 3.9 хувиар суларчээ. 

Мөн төгрөгийн рубльтэй харьцах ханш 41.5 төгрөг болжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 3.73 төгрөг буюу 9.9 хувиар суларч, өмнөх сараас 2.5 хувиар чангарсан байна.

Мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн хадгаламж нөлөөлжээ

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 14.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх аравдугаар сараас 298.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөг буюу 26.4 хувиар өсжээ.

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сараас өсөхөд төгрөгийн хадгаламж 220.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 11 дүгээр сарын эцэст 824.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 7.4 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 56 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 11 дүгээр сарын эцэст 893.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 75.4 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 68 тэрбум төгрөг буюу  7.1 хувиар буурсан байна.

А.Сүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж