Трамп, Ким хоёрын элч болохыг Родман хүсчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Трамп, Ким хоёрын элч болохыг Родман хүсчээ

Трамп, Ким хоёрын элч болохыг Родман хүсчээ

NBA-ын талбайд тоглож явсан сагсан бөмбөгч Деннис Родман Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, АНУ ба Хойд Солонгосын хооронд үүсээд буй нөхцөл байдлыг зөөлрүүлэхийг зорьж байгаа гэнэ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад хандан Хойд Солонгос руу явуулахыг хүссэн байна. 

Деннис Родман Пхеньянд очиж, умардын удирдагч Ким Жон Унтай уулзаж, ярилцах хүсэлтэй байгаа аж. Гэвч АНУ-ын албаны хүмүүс түүнд явах хэрэггүй гэж зөвлөсөн гэнэ. “Цаг хугацааны хувьд тохиромжтой үе биш гэж тэд хэлсэн” хэмээн Родман ярьжээ. 

Тэрбээр өмнө нь таван удаа Хойд Солонгост зочилж байсан юм. Анх 2013 онд Пхеньянд очихдоо Ким Жон Унтай дотно нөхөрлөсөн гэдэг.  “Би буцаад тэнд очвол… Түүнтэй ярилцаж чадна, хамт суугаад зоог барина, хундага дарс тулгана, инээлдэж, хөхрөлдөнө. Асуудлыг бага ч болов наашлуулж, хүн бүрийн сэтгэл жаахан ч болов уужирна” гэж Деннис Родман ярьсан байна. 

Мөн анхнаасаа л Доналд Трамптай уулзаж, Хойд Солонгосын асуудлаар ярилцахыг хичээсэн гэнэ. “Хамгийн эхний өдрөөс л би Доналдад хүрээд ир ээ, Маршал /Хойд Солонгосын удирдагчийг Родман ийнхүү дууддаг аж/ юу хүсч байгааг хэлээд өгье. Тийм ч их зүйл биш гэж хэлэхийг оролдсоор байгаа” гэж Родман ярьжээ. 

“Ким Жон Ун чухам юу хүсдэг юм бэ” гэсэн Guardian сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад тэрбээр “Би чамд хэлж чадахгүй нь. Трамптай уулзахаараа өөрт нь хэлнэ” хэмээн хариулжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж