Бүгд Найрамдах Солонгосын улсын/БНСУ/ Пёнчан хотноо Өвлийн олимпийн наадам эхлэхэд 59 хоног үлдлээ. Тус улсын хотуудаар олимпийн бамбарыг спорт, урлагийн алдартнууд болон нэрт зүтгэлтнүүд ээлжлэн хүргэж байгаа. Тэгвэл өчигдөр /2017.12.11/ Тэжон хотод олимпийн бамбарыг робот /FX-2/ дамжуулжээ. 120 см өндөртэй, 55 кг жинтэй робот 1 минутанд 65 удаа алхалтыг хийсэн байна. БНСУ-ын томоохон таван хотын нэг болох Тэжон хот шинжлэх ухаан, технологийг дагнасанаараа алдартай бөгөөд олимпийн бамбарт зориулсан тусгайлсан роботыг бүтээжээ.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн бамбар арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Грекээс ирсэн бөгөөд Инчоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очсоноор аялал эхэлсэн. Олимийн бамбарын аялал БНСУ-ын хотуудаар дамжин ирэх хоёрдугаар сарын 9-ний өдөр олимпийн тосгонд очих юм.