Докторын зэргийн боловсролын тухайд

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Докторын зэргийн боловсролын тухайд

Докторын зэргийн боловсролын тухайд

17 оны 11 сарын 23-ны Пүрэв гарагийн
 “Өдрийн Сонин”-ын №251 (5818) тоот
дугаарт нийтэлсэн өгүүлэл

Энэхүү өгүүлэлд докторын зэргийн хөтөлбөр, түүний хэрэгжилтэд холбогдох зарим саналыг илэрхийлж байна. Энэ бол судалгааны, гүн гүнзгий дүгнэлт бүхий өгүүлэл биш, харьцуулсан эрэгцүүлэл бодол юм.

1.Докторын зэрэгтэй мэргэжилтний хэрэгцээ, шаардлагын талаар

Хүний бүтээлч сэтгэлгээний эх үндэс болсон шинжлэх ухаан, боловсролын институтчлэгдсэн хэлбэр нь их сургууль, судалгааны хүрээлэнгүүд юм. Их сургуулийн шинжлэх ухаан, түүний бүрэлдэхүүн хэсэг болох докторын сургалт нь их сургуулийн академик эрх чөлөөнд хамаарах нэн чухал ойлголт.

Иймээс шинжлэх ухааныг хөгжүүлэх, судлаач бэлтгэх энэхүү академик орчинд улс төрийн нөлөөлөл, байгууллагын монополчлол гэж байдаггүй юм.

Мэдлэгт суурилсан нийгэмд өндөр боловсрол, мэргэжлийн чадавхитай лидерүүдийг бэлтгэхэд докторын боловсрол эзэмшүүлэх хөтөлбөр ихээхэн ач холбогдолтой. АНУ болон Европын холбооны орнууд, Австрали, Канадад докторын боловсролын чанар, үр нөлөөг сайжруулах чиглэл, докторын боловсролын хэтийн төлөвийг өргөн хүрээнд хэлэлцэж байна. Европын их сургуулиудын ассоциац (CIRGE), Америкийн Инноваци, судалгаа ба төгсөлтийн дараах сургалтын судалгааны төв нь дэлхийн 20 гаруй орны докторын боловсролын түвшинд шинжилгээ хийж, энэ үндсэн дээр тодорхой өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн байна. (Emergence and growth of professional doctares in USA, UK, Canada and Australia. 2011. Felly Chiteng, Darwin D.Handel)

Судлаачид өндөр хөгжилтэй орнуудад докторын түвшингийн тэргүүлэх мэргэжилтэн шаардах ажил мэргэжлийн тоо 2018 онд 17 хувиар өснө гэж тооцоолжээ. Хөгжиж байгаа орнуудад ялангуяа эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт өндөр боловсролтой судлаач мэргэжилтний хэрэгцээ өснө гэж үзэж байна.

Европын орнуудад сүүлийн 10 жилд докторын хөтөлбөрт хамрагдан суралцагсдын тоо 10-30 хувиар өссөн байна. Болонийн тунхаглалаар докторын сургалтын хугацааг 3-4 жилээр тогтоосон бөгөөд АНУ зэрэг оронд Магистр, докторын хосолсон хөтөлбөр нь 6-7 жил үргэлжилдэг. (EUA. 2005. Doctoral programmes for the knowledge society). АНУ болон баруун Европын орнуудад докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, докторын зэрэг олгох эрх мэдэл нь их сургуулиудад олгогдсон байдаг. Харин зарим Зүүн Европын оронд засгийн байгууллага энэ зохицуулалтад оролцох боловч энэ нь тодорхой хязгаартай бөгөөд засгийн газрын агентлагийн гол үүрэг нь докторын хөтөлбөрийн чанарын түвшинд үнэлгээ хийхэд оршдог.

Докторын хөтөлбөр нь даяарчлалын нөлөөнд илүү ихээр хамрагдаж байна. Тэргүүлэх орнууд авьяас чадвартай хүмүүсийг сонирхож байгаа нь докторын хөтөлбөрөөр дамжуулан авьяаслаг залуусыг татаж тэдгээр орныг чиглэх урсгалыг хүчтэй болгодог. Иймээс хөгжиж байгаа орнууд тэргүүлэх орны их сургуулиудтай хамтарсан докторын хөтөлбөрүүд хэрэгжүүлж авьяаслаг залуу мэргэжилтнийг үндэснийхээ хөдөлмөрийн зах зээлд татахыг зорих боллоо. АНУ, Канад, Австрали, Англид гадаадаас докторант ихээхэн сургадаг, тухайлбал Канадын докторантуудын гуравны нэг нь, АНУ-д суралцагч докторантуудын 26 хувь нь гадаадын иргэд байна.

Хүний капитал нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох бодлогыг үндэс болгон БНХАУ, Энэтхэг зэрэг хүчирхэгжиж буй орнууд докторын сургалтад онцгой анхаарал хандуулж судлаачыг АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландад бэлтгэж байна.

Докторын боловсролтой мэргэжилтнүүд инноваци, технологийн дэвшлийн чухал хөдөлгөх хүчин болж энэ түвшний боловсролтой мэргэжилтнийг бизнесийн том компаниуд илүүтэй сонирхох болжээ. (A comparative analysis of graduate employment prospects in European labour market Branine A,Avramenko A.2015)

Докторын зэрэгтэй тэргүүлэх судлаач бэлтгэхэд их сургууль, бизнесийн болон технологын компаниуд хоорондын, мэргэжлийн олон салбарын судлаачдын хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх талаар Карнегийн сан, Европын төгсөлтийн дараах сургалтын төв, Фордын сан зэрэг байгууллага, сангууд томоохон санаачилгууд гарган ажилладаг.

Өндөр хөгжилтэй орнуудад их сургууль нь судалгаа хийнэ гээд Засгийн газраас санхүүжилт хүсэхээс илүүтэй бизнесийн байгууллагын захиалгаар судалгаа хийж санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь нийтлэг байдаг. Азийн орнууд тухайлбал Япон, Сингапурын их сургуулиуд ийм хэлбэрээр санхүүжүүлэлтийнхээ 40-70 хувийг бүрдүүлж байна. Оксфордын их сургуулийн нийт орлогын 40% нь судалгааны ажлаас бүрдэж байна. Энэ бол их сургуулийн судалгааны ажлын хүрээнд докторын сургалтыг нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлийн бодит шаардлагатай нягт уялдуулж чадвал хүний нөөцийн болон санхүүгийн чадавхийг зохистой ашиглаж бодит үр дүнд хүрэх боломж байгааг харуулж байна.

2.Докторын зэргийн боловсрол эзэмшүүлэх талаар

Дэлхийн хөгжилтэй орнуудад АНУ, Англи, Австрали, Герман, Франц улсад докторын зэргийн хөтөлбөрт хамруулахад тодорхой шалгуурыг харгалзан үздэг. Юуны өмнө горилогч нь магистрын зэрэг хамгаалсан, судалгааны суурь чадварыг эзэмшсэн байхыг чухалчилна. Европын орнуудад докторын хөтөлбөрт элсүүлэхэд өндөр шаардлага тавих бөгөөд судалгааны төлөвлөгөө, хэвлүүлсэн бүтээл зэргийг чухалд үзнэ.

Болзолыг ханган докторын хөтөлбөрт хамрагдсан суралцагсад нь эхний жил судалгааны ерөнхий аргазүй болон тухайн мэргэжлийн судалгааны аргазүйг гүнзгий судална. Их сургуулиудад судалгааны ерөнхий аргазүйн хүрээнд квалитатив болон квантитатав аргуудыг нягт холбон судлуулдаг. Манай их сургуулиудад судалгааны ерөнхий арга зүйг эзэмшүүлэхдээ квантитатив судалгааны аргазүйг ялангуяа нийгмийн ухааны чиглэлээр дутуу анхаардаг нь сургалтын сул тал болж байна. Орчин үед судалгааны материал, өгөгдлийг боловсруулах, туршилт судалгаа явуулахад өндөр түвшингийн программ, хангамж, математик аргыг хэрэглэдэг болсон өнөө үед энэ сул талыг бид арилгах хэрэгтэй юм. Мөн докторын хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухааны тухайн салбарын хүрээнд бодлогын шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх нь чухал. Бодлогын шинжилгээ гэдэг нь бодлого ярьна гэсэн өнгөц ойлголт биш, шинжлэх ухааны тодорхой чиглэл болон нийгэм эдийн засгийн хэрэгцээ, шаардлагын уялдааг хангах, тухайн чиглэлийн судалгааны түвшин, цаашдын төлөв байдалд дүн шинжилгээ хийж судалгааны ажлыг нийгмийн амьдрал, технологийн тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлэх сургалт юм.

Докторын хөтөлбөрт хамрагдагсдад сурахад нь зөвлөн туслах профессорын зэрэгцээ судалгааны ажлыг нь зөвлөн чиглүүлэх эрдэмтнийг томилж, судалгааны зөвлөх нь докторантад илтгэл, өгүүлэл боловсруулах, хэвлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг.

Докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын хүрээнд хамтын ажиллагаа өргөжиж байна. Тухайлбал ХБНГУ, Голланд, Финлянд, Швед, Эстонийн их сургуулиуд докторантуудад зориулж эрдэм шинжилгээний хамтарсан семинар зохион байгуулж залуу судлаачдын хамтын on-line сүлжээг бий болгожээ.

Шинжлэх ухааны нээлт, технологийн дэвшил нь шинжлэх ухааны салбар хоорондын солбицол дээрх судалгаанд зонхилон суурилах болсон. Энэ нь нийгмийн амьдрал, хөгжлийн асуудал олон талтай, тэдгээрийг шийдвэрлэхэд мэргэжил хоорондын нягт уялдааг хангах хэрэгтэй болсныг харуулж байна. Докторын сургалт, судалгааг шинжлэх ухааны салбар хоорондын солбицол дээр багийн хэлбэрээр зохион байгуулах нь өөрчлөлтийн нэг чухал чиглэл юм. Нэг мэргэжил, нэг сэдвийн хүрээнд судалгаа хийлгэж эрдэмтэн бэлтгэдэг хандлагыг өөрчлөн мэдлэг бүтээх, түүнийг хэрэглээнд оруулах чадвартай судлаач бэлтгэх, оюуны болон биет баялагийг бүтээхэд чиглүүлэх нь цаг үеийн шинэ хандлага боллоо. Энэ чиглэлээр бид дорвитой өөрчлөлт хийх цаг нь болжээ.

3.Докторын зэрэг олгох арга хэлбэрийн тухайд

Докторын зэрэг олгох эцсийн шалгуур нь судалгааны ажил, диссертаци байдаг. Европын холбооны орнууд, АНУ мөн ОХУ, БНХАУ-д диссертацид хөндлөнгийн үнэлгээ хийлгэдэг боловч ийм үнэлгээ хийлгэх арга хэлбэр нь ялгаатай. Австрали, Герман зэрэг оронд диссертацийг шүүн хэлэлцэх явцад субьектив хандлагыг хязгаарлахад ийм хөндлөнгийн үнэлгээ чухал гэж үздэг. АНУ, Канадад Төгсөлтийн дараах боловсролын ассоциац, Зөвлөлүүдээс гаргасан зохих журмын дагуу хөндлөнгийн үнэлгээ хийлгэдэг.

Докторын зэрэг хамгаалах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дээд байгууллагаас баталдаг нь сургалт, судалгааны үйл ажиллагааны академик эрх чөлөөг хангах хэм хэмжээ, кредит сонголтод суурилсан сургалтын либерал тогтолцооны үзэл санаатай зөрчилдөнө. Гэхдээ шинжлэх ухааны тодорхой чиглэлүүдээр өндөр чадавхитай эрдэмтэн судлаач цөөхөн манайх шиг оронд ийм зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2/3 хувийг дээд байгууллагаас тогтоож, харин 1/3 хувийг дээд байгууллагаас баталсан стандарт, шалгуурын дагуу тухайн их сургууль өөрийн болон бусад их сургууль, шинжлэх ухааны байгууллагын тодорхой чиглэлийн эрдэмтдийн төлөөллийг оролцуулан бүрдүүлэх хэлбэр нь илүү зохимжтой. Ийм нөхцөлд тухайн зэрэг горилогч болон энэхүү төлөөллийн эрх ашгийн зөрчлийг хязгаарласан байх ёстой. Нөгөө талаас докторын зэрэг хамгаалах зөвлөлд байгууллагын монополыг тогтоох нь шинжлэх ухааны ёс зүй, их сургуулийн академик хэм хэмжээнд харшилна.

Хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд судалгааны ажлын туршлагатай, чансаатай эрдэмтэн байх ёстой. Шинжлэх ухаанд туршлага гэдэг олон жил ажилласан байна гэсэн үг биш. Судалгааны сайн өгүүлэл, бүтээл хэвлүүлсэн залуу эрдэмтэн бол нас харгалзахгүй туршлагатай судлаачид тооцогдоно.

Хүлээн зөвшөөрөгдсөн байна гэдэг бол бүтээлийн тоо, хуудсаар хэмжигдэхгүй харин бүтээлийн чансаагаар хэмжигдэнэ. Бүтээлийн чансаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нээлт, патент, олон улсын хөндлөнгийн үнэлгээ, IF бүхий судалгааны сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан, ишлэл авсан байдлаар хэмжигддэг зүйл.

Хамгаалуулах зөвлөлийн гишүүнчлэлийг заавал албан тушаалтай холбох шаардлагагүй. Тухайлбал: Докторын хамгаалуулах зөвлөлийн дарга заавал их сургууль, хүрээлэнгийн захирал байх албагүй. Чансаатай бүтээлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн л зөвлөлийг тэргүүлдэг нь дэлхийн нийтлэг жишиг. Харин докторын хөтөлбөрийн хорооны дарга бол захирал, эрхлэгч нар байдаг.

Эрдэм судлалын ажлын академик эрх чөлөөний хэм хэмжээнд нийцүүлэн Хамгаалуулах зөвлөлийн даргыг судалгааны ажлын чансааг үндэс болгон тухайн чиглэлийн эрдэмтдийн саналыг харгалзан тодорхойлж байвал дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт зөв жишиг тогтоно. Оксфордын их сургуулийн Канцлерийг нэртэй эрдэмтэн профессоруудын саналыг харгалзан тодруулж байгаа нь үүний баримжаа бизээ.

Бид дээд боловсролын салбарт олон улсын стандарт, жишгийг баримталж байж их сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж чадна. Олон улсын стандарт, шалгуурыг аваад монголын нөхцөлд тааруулж байна гэдэг нэрийн доор өөрчлөх юм бол нэр төдий ажил болно.

Монголын их сургуулиуд, ШУА-ын хүрээлэнгүүд нягт хамтран ажиллаж өндөр түвшингийн судлаач бэлтгэх, тэдний хүч нөөцийг нийгэм, эдийн засаг, технологийн шинэчлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж чадвал монголын шинжлэх ухааны өрсөлдөх чадвар дээшилж, нийгэмд үр дүнгээ өгнө.

Б.Чулуундорж

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж