ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сири дэх оросын цэргийн ангид зочлохдоо урт удаан үргэлжилсэн иргэний дайнд ялалт байгуулснаа Даваа гариг зарлаж, тус улсаас цэргийн зарим ангийг гаргахаа мэдэгдлээ.
Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын армид цэргийн дэмжлэг үзүүлж, босогчдод эзлэгдсэн хотуудыг чөлөөлж өгсөн Путин тус улсад анх удаа айлчилж буй нь энэ юм.
Путин долоон жилийн өмнө иргэний дайн дэгдсэн энэ улсад айлчилж буй анхны гадаад улсын төрийн тэргүүн болж байгаа юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин Египет рүү нисэхийн өмнө Сирийн Латакиа мужид байрлаж буй цэргийн баазад зочилжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдсэн Путины хувьд Сирийг босогчдоос чөлөөлсөн нь олон улсад нэр хүндийг нь багагүй өргөж өгсөн юм.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын агаарын хүчний дэмжлэгтэйгээр Сирийн арми Ирактай хиллэдэг бүсийг Исламын улс бүлэглэлээс чөлөөлж, хяналтдаа оруулсан гэж мэдэгдсэн.
Сирийн Латакиа муж дахь цэргийн баазад очихдоо Путин цэргүүдэд хандаж “Орос цэргүүд жинхэнэ гавьяа байгууллаа. Та нарыг одоо эх орон чинь хүлээж байна. Хэрэв алан хядагчид дахин өнгөлзвөл бид дахин бут цохино” гэж хэлжээ.
Оросын телевизээр Путиныг онгоцноос буухад тус улсын ерөнхийлөгч Башар аль-Ассад гар барин, тэврэн угтаж авч буйг харуулсан байна.
Путин Сириэс зарим цэргийн ангиа татахаар болсон ч Хемеймим дэх цэргийн анги болон Тартус дахь тэнгисийн цэргийн ангийг үлдээх ажээ.
Путин Сирид айлчилсны дараа Египетэд газардаж ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сиситэй Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдал болон хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ.
Египет бол АНУ-аас цэрэг, зэвсгийн дэмжлэг авдаг орнуудын хоёрдугаарт Израилийн дараа бичигддэг юм. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсний дараа Путин Египетэд айлчилж буй нь хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.