Харумафүжид торгуулийн шийтгэл оноох бололтой

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Харумафүжид торгуулийн шийтгэл оноох бололтой

Харумафүжид торгуулийн шийтгэл оноох бололтой

Экс-ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, өчигдөр /2017.12.11/ прокурорт шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага арванхоёрдугаар сарын сүүлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх төлөвтэй байна гэж Киодо агентлаг мэдээллээ. Прокурор түүнд торгуулийн шийтгэл төлөвлөж магадгүй гэх эх сурвалжийн мэдээллийг мөн уламжилсан байна.

Харумафүжи өөрөө Таканоива болон ояката Таканохана нартай биечлэн уулзаж, уучлал хүсэхийн хамт хохирол барагдуулах, нөхөн төлбөрийн талаар ярилцах хүсэлтэй байгаа гэж түүний өмгөөлөгч нар мэдэгджээ.

Харумафүжи зиндаа доогуур, нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг зодож, гэмтээсэн гэх дуулианд холбогдож, улмаар зодог тайлах шийдвэрт хүрснээ арваннэгдүгээр сарын 29-нд зарласан билээ.

Таканоивагийн харьяалагддаг дэвжээний ояката Таканоханагийн гомдлын дагуу Тоттори мужийн цагдаа хэргийг шалгаж байгаа юм. Японы сүмогийн холбоо тусдаа бие даасан мөрдлөг явуулж, экс-ёкозунад ямар шийтгэл оноохоо шийднэ. Сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл арванхоёрдугаар сарын 20-нд эцсийн дүгнэлтээ гаргаж, холбооны удирдлагад танилцуулна гэх хүлээлт байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж