АНУ-ын Нью Йорк хотын Манхэттен дүүрэг дэх автобусны гол терминалд өчигдөр өглөө халдлага үйлдэхийг завдсан этгээдийг баривчилжээ.
Өчигдөр өглөөний оргил цагаар Манхэттен дүүргийн автобусны терминалд гарсан дэлбэрэлтийн дараа хотын дарга Билл де Бласио “алан хядагчид амжсангүй” хэмээн мэдэгдсэн байна.
Сэжигтэн 27 настай Бангладеш гаралтай Акаиэд Улла гэгч биедээ тэсрэх бөмбөг зүүж, Манхэттен дүүрэг дэх автобусын терминалын доорх туннелд дэлбэлжээ. Бага хэмжээтэй энгийн тэсрэх бөмбөгний улмаас гурван хүн хөнгөн гэмтсэнээс гадна алан хядагч өөрөө шархадсан гэж албаны хүмүүс мэдээлжээ. Нью Йорк хотын дарга Билл де Бласиогийн хэлснээр алан хядагч халдлагыг ганцаараа үйлдсэн гэнэ.
Алан хядагч тэсрэх бөмбөгийн орон нутгийн цагаар өглөөний 07:30 цагийн үед дэлбэлжээ. Тэсрэх бөмбөгний чимээгээр айж балмагдсан хүмүүс гүйлдэж эхэлжээ. Даваа гаригийн өглөө гарсан дэлбэрэлтийн улмаас ойролцоох метроны буудлуудыг хаасан байна.
Манхэттен дүүрэг дэх автобусны гол терминал бол жилд 65 сая зорчигчид үйлчилдэг дэлхийн хөл хөдөлгөөн ихтэй терминалын нэг юм. Сэжигтэн Бангладешаас ирсэн цагаач бөгөөд цахилгааны нэгэн компанид ажилладаг байсан гэнэ. Улла гэгч 2011 онд АНУ-д цагаачлалын визээр очсон ажээ. Бангладешийн засгийн газраас мэдээлснээр сэжигтэн өмнө нь хэрэг түвэгт оролцож байгаагүй гэнэ.
Цагаан ордны төлөөлөгч Сара Сандерс мэдэгдэл гаргаж “Ерөнхийлөгч Трампын цагаачлалын бодлогыг хэрэгжүүлсэн бол алан хядагчийг манай улсад нэвтрэхийг зөвшөөрөхгүй байх байсан” гэжээ.