Танил нь хуурч, Тяньжиньд биеийг нь үнэлүүлж байжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.12-нд нийтлэгдсэн

Танил нь хуурч, Тяньжиньд биеийг нь үнэлүүлж байжээ

Танил нь хуурч, Тяньжиньд биеийг нь үнэлүүлж байжээ

Одоогоос есөн сарын өмнө буюу 2017 оны гуравдугаар сард Нарааг /нэрийг өөрчлөв/ нэгэн танил нь өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж амлаад БНХАУ-ын Тяньжинь хот руу авч явжээ. Ажилд орж, амьдралдаа тус дэм болно гэж явсан охин нь холбоо тасарсанд айсан ар гэрийнхэн нь цагдаагийн газарт хандсан байна. Танил эгчдээ хууртагдаж очоод хүний нутагт хүчээр биеийг нь үнэлүүлж байсан охин нь хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсныг хуулийнхан олж тогтоосон байна. Тиймээс Монголын хууль хүчнийхэн, Гадаад харилцааны яам уйгагүй хөөцөлдсөний эцэст хохирогч бүсгүйг саяхан эх оронд нь авчиржээ.

Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй учир үүнээс цааш мэдээлэл өгөхгүй гэдгээ албаны эх сурвалж тайлбарлалаа. Харин хохирогчийг хүний нутагт аваачиж зарсан эмэгтэй хаана, юу хийж яваа, түүнд ямар хариуцлага хүлээлгэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Албан бус мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод 25-30 насны 300 гаруй монгол биеэ үнэлэгч байдаг аж. Хууль бусаар биеэ үнэлж  байсан тэднээс арвыг нь Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Эрээний цагдаатай хамтран баривчилж нутаг буцаажээ. Ингэхдээ тэднийг дахин БНХАУ-ын хилээр нэвтрэхийг нь хориглож, хар тамга дарсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын гуравдугаар нарийн бичиг Т.Бат-Орших ярилаа.

Гадаад харилцааны яамны Консулын газрын гуравдугаар нарийн бичиг Т.Бат-Орших

Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн хүрээнд 30 хоногийн хугацаанд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрхтэй. Эрээн хотод биеэ үнэлж буй монгол эмэгтэйчүүд 30 хоног тутам Замын-Үүд боомтоор орж ирээд буцаад Эрээн рүү гардаг байна. Үүнийг тэд “туг тойрох” гэж нэрлэдэг аж. Харин урд хөршийн гүн рүү буюу Монголын хилээс хол хотуудад амьдарч, биеэ үнэлдэг монгол эмэгтэйчүүд хууль бусаар нууцаар оршин суудаг гэнэ. Тэд хэрвээ БНХАУ-ын цагдаа нарт баригдвал хууль бусаар амьдарсан хоног тутамдаа 500 юанийн торгууль төлдөг. Торгуулиа төлөх мөнгөгүй бол Хятадын цагдаа 14 хоног саатуулаад, хилээр албадан гаргадаг аж.

БНХАУ-д биеэ үнэлдэг, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болоод явсан этгээдүүд ихэвчлэн өөрсдөө урьдчилан тохироод явдаг аж. Тиймээс гэмт хэргийг илрүүлэхэд хүнд, хугацаа их шаарддагийг албаныхан хэллээ. Мөн гэмт хэргийн хохирогч болсон тухайн иргэн өөрөө л өөрийн улсынхаа Элчин сайдын яамд хандах эсвэл ар гэр нь хуулийн байгууллагад хандаж, мэдэгдэхгүй бол Монголыг төлөөлж суугаа элчин сайдын яам, Консул шууд иргэн болгоноо бүртгээд, хянаад явах боломжгүй аж.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж