Хамгийн сүүлд О.Баасанхүү оймсоо сольж, Н.Энхбаяраас “хувийн өмчийг” нь булааж авснаар парламентад суудалтай улс төрийн намуудад нэмэгдэхүүний байрлал юутай ч өөрчлөгдлөө. Үүнээс яг арван сарын өмнө Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсон бол арваадхан хоногийн өмнө У.Хүрэлсүх эрх баригч намын тамгыг авсан юм.
Гэв чиг, Ардчилсан нам З.Энхболдоос С.Эрдэнэд, Ардын нам М.Энхболдоос У.Хүрэлсүхэд, МАХН Н.Энхбаяраас О.Баасанхүүд очлоо гээд нийлбэр дүнд нэг их өөрчлөлт орохгүй. Учир нь Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилж, Үндсэн хуулиа өөрчлөөгүй тохиолдолд Исус, Будда нь удирдлаа ч улс төрийн намууд шинэчлэгдэхгүй.
Наанаа хэдий Монголын улс төрийн намуудад задрал өрнөж буй мэт боловч цаанаа бүх намууд нэг хүний мэдэлд төвлөрөх холын зорилготой процесс явагдаж байгаа нь тэнэг хүн ч олоод харахаар улам бүр тодорхой болж байна.
МАХН-ыг Н.Энхбаяр, О.Баасанхүү хоёрын хэн толгойлох нь , Ардчилсан намыг З.Энхболд С.Эрдэнийн хэн удирдах нь онцын ялгаагүй бол эсрэгээрээ ‘аядуу зөөлөн’ М.Энхболдоос УИХ-д 65 суудалтай МАН-ыг гуядаж авсан У.Хүрэлсүхээс Монголын улс төрийн намуудын шинэчлэл, Үндсэн хуулийн реформ хамаарч байгаа. Үндсэндээ, энэ бол У.Хүрэлсүхэд оногдсон гэрийн даалгавар гэж хэлэхэд ч болно. Тэр супер Ерөнхий сайд байх уу, супер Ерөнхийлөгчийн сайн дүү хэвээр үлдэх үү? Сонголт зөвхөн түүнээс, хэрэвзээ тэр түүхэнд өөрөөр үлдэхийг хүсч байвал шүү дээ. Түүнд МАН-ыг ч, АН-ыг ч, МАХН-ыг ч өөрчлөх түүхэн боломж оногдсон.
Гагцхүү оногдсон боломжоо “Мах импекс”-ийг өргөжүүлэх ч юм уу, Баянхошууны утаатай танилцахад зарцуулаад байвал У.Хүрэлсүх улс төрийн нэгэн шоглоом болж үлдэнэ. Зүгээр л сайн ахын дүү хэвээрээ хоцорно. Дээр нь МАН ирэх 2020 онд сураггүй “арчигдана”. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд болсон сонгуулийн түүхийг харахад эрх барьж байсан нам ямагт цөөнх болдог нь бичигдээгүй хууль.
Улсын дээд шүүхэд өнөөдөр хорь гаруй нам бүртгэлтэй байдгаас олонх нь ор сураггүй алга болж, цаасан дээрх нэрнээс өөрөөр мөргүй үлдсэн бол парламентын суудалтай нь хагарал, талцал ялзралд идэгдэж, шинэчлэл нэрийн дор шинэ бүлэглэл, шинэ хуваарилалтад орсон Монголын намууд жамаараа мөхөж байна. Тэднийг мөхлөөс аврах гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын шинэчлэлт гэвэл үүнийг хийх эр зориг У.Хүрэлсүхэд бий юу.
Учир нь Үндсэн хуулийг өөрчлөх явцтай зэрэгцээд Төрийн ордны зүүн жигүүрээс Ерөнхийлөгчийн засаглалыг балиашигласан мессеж үе, үе сэвэх болсон нь тохиолдлын гэхээсээ зорилготой улс төр болж харагдаж буйг нуугаад яах вэ.
Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа хийгээд парламентад суугаа 76 хүний чадах чадахгүйн асуудлыг хэрүүлийн сэдэв болгон томруулах нь утгагүй. Оффшор, гучин гэр бүл, баялгийн тэгш хуваарилалт, авлига, агаарын бохирдол гээд өнөөгийн олон, олон эзэнгүй асуулт, хариулт нэхсэн сэдвүүд Үндсэн хуулиас л үндэстэй. Үндсэндээ үхрийн бөөр шиг намуудаас бүрдсэн парламент биш нэг нам дангаараа засгийн эрх барьж байгаа, УИХ-ын үнэмлэхүй олонх болсон нөхцөлд Үндсэн хуулийг өөрчлөх нь хамгийн тохиромжтой цаг. Үүнээс өөр, түүнээс цааш цаг хугацааг хүлээвэл улс нь хямралаас, иргэд нь ядуурлаас гарч чадахгүй биз. Тогтолцооны алдаан дээр дөрөөлж гарч ирсэн У.Хүрэлсүх өөрөө тогтолцооны нэгээхэн ‘алдаа’ болохоос цаашгүй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх намынхаа лидер болж чадсан ч Монголын лидер болох боломжгүй. Түүний эрх мэдлээс сайн ах нь ‘хуваалцаж’ байгаа тохиолдолд шүү дээ.
Үндсэн хууль бол төр, ард түмний хоорондын гэрээ. Түүнийг өөрчилж огтоос болохгүй гээд “бандан тас” болсон хууль мэдээж биш. Захын жишээ дурдахад л, 1992 оны Улаанбаатарын асуудал 2017 оны нийслэлийн зовлон хоёр асар их ялгаатай болсон. Адаглаад л анхны ардчилсан Үндсэн хуулийг батлах үед агаарын бохирдол байгаагүй нь лав. Агаарын бохирдлын үндсэн шалтгаан нь шилжилт хөдөлгөөн гэвэл хотын замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн асуудал, хөдөөгийн эзэнгүйдэл, баялгийн төлөөх намуудын зодоон гэх мэт Үндсэн хуулийг өөрчлөх үй түмэн шалтгааныг нэрлэж болно. Дээр нь авлига хээл хахууль, хагарал талцал, урвалт шарвалтын үүр уурхай болсон улс төрийн намуудын санхүүжилтийг ид тод болгохгүйгээр аль ч нам төрийн эрх барих нь ард түмэнд онцын ялгаагүй болно.
УИХ-ын 76 гишүүнд төрөө төлөөлөх эрхийг нь сонгогч бид олгосон, тиймээс тэдний чадах чадахгүйн тухай ярих биш, өнөөдрийн алдаа завхралын эхлэл болсон Үндсэн хуулийг өөрчлөхийг тэднээс нэхэж шаардах хэрэгтэй болжээ. Хэрэвзээ намуудын хэрүүл, эрх мэдлийн төлөөх бүлэглэлийн тэмцлээс залхаж байгаа бол Үндсэн хуулийг өөрчлөхийг шаардъя. 25 жилийн өмнө сонгосон парламентын засгаа сонгодог болгохгүйгээр ‘Монгол ялна’ гэдэг үлгэрийн далай. Үүний нотолгоо нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль, өнөөдрийн парламентад суудалтай гурван намд нүүрлэсэн хагарал талцал. Улс төрийн намуудын туссан ‘хорт хавдар’-ыг тэжээгч нь Үндсэн хууль өөрөө болчихоод байгаа нөхцөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихгүйгээр, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхгүйгээр улс төр, нийгэм, эдийн засгийн хямралаас хямралд орсоор байна гэж мөрийцсөн ч бараг алдахгүй. Энэ нөхцөлд мянган сайхан төсөл хөтөлбөрүүд ч хэрэгжихгүй, төмөр зам нь ч тавигдахгүй. Үндсэн хуулийг өөрчлөөгүй цагт өөрөө У.Хүрэлсүх супер лидер биш сүүдрийн Ерөнхий сайд болж үлдэнэ.
Ж.Нямсүрэн