Хятадын засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлжээ. Бээжингийн цэлмэг хөх тэнгэрийн тухай утаатай Улаанбаатарын иргэд сошиалд ‘атаархан’ постолж сууна. Гэвч, хүйтний эрч улам чангарч буй нь хүрэн нүүрснээс байгалийн хийн түлшинд шилжсэн Хятадын хойд нутагт амьдардаг иргэдийн хувьд томоохон сорилт болж байгаа гэнэ.
Хүрэн нүүрсний хэрэглээг халж, байгалийн хийн хэрэглээнд хараахан бүрэн шилжиж амжаагүй байсан хойд мужийн иргэдийг дулаан өвөлжүүлэх нь орон нутгийн удирдлагуудад чухал асуудал болоод байгаа ажээ. Гуравдугаар сараас эрчим хүч, халаалтад нүүрс хэрэглэхийг хориглосон Бээжин хотын оршин суугчид байгалийн хийн хомсдолоос болж, нүүрсээр галладаг цахилгаан станцаа дахин ажиллуулах хүсэлт гаргажээ.
Агаарын бохирдлын гол хүчин зүйл болж буй нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлоготой уялдаатайгаар зарим мужуудад айл өрхийн халаалтыг зогсоож, үйлдвэр, аж ахуйн газруудад эрчим хүчний хэрэглээгээ багасгах үүрэг өгсөн байна. Хятадын дарга Си Жиньпин байгальд хор нөлөөгүй цэвэр эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэхийг тэргүүлэх зорилтоо болгосон ч хэрэгжилт нь төдийлөн сайнгүй байгаа ажээ.
Аж үйлдвэрийн болон оршин суугчдын бүсийн халаалтын системд байгалийн хий ашиглах төлөвлөгөө нь энэ оны эхний арван сарын байдлаар байгалийн хийн эрэлтийг 19 хувиар өсгөснийг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын тоо баримт харуулж байна.
Хятад улс 2016 онд нүүрсний олборлолтыг хязгаарлах арга хэмжээ авч эхэлснээс болж түүхий эдийн зах зээлд үнэ огцом өсч, эрчим хүчний компаниудад ихээхэн дарамт учирсан юм. Энэ онд Хятад улс байгалийн хийн дэд бүтцийг байгуулсан ч АНУ болон төв Европынх шиг хүйтэн өвөл болдог хойд нутгаар байгалийн хийн хомсдолоос болж, халаалтын доголдол үүссэн тул тус улсын засгийн газар агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг биелүүлж чадахгүйд хүрээд байгаа юм.
Өнгөрсөн сард Хятадын Шаньси мужид байгалийн хийн хомсдолоос болж 1000 гаруй өрх халаалтгүй болсон тухай “cnwest.com” сайт мэдээлсэн. Мөн Хубей мужийн Үхань хотод байгалийн хийн нэгэн компани хомсдолоос болж үзвэр үйлчилгээний газруудад хий худалдахаа больж, оршин суугчдаас өдрийн ид ачаалалтай оргил цагаар зуух асааж хоол хийхгүй байхыг уриалсан байна. Мөн өөр нэгэн хотод хийн түлштэй такси, автобуснууд хийн түлш хомсдсоноос болж, түгээгүүрийн газар шөнөжин дугаарлаж зогсохоос аргагүйд хүрчээ.
Нөгөө талаар нүүрс түлж, байр сууцаа халаадаг байсан оршин суугчид хийн халаалтад дасч өгөхгүй байгаа бөгөөд ялангуяа өндөр настнууд болон хүүхдүүд даарч, зутарч буй талаар Хятадын цахим сүлжээнд гомдол их гарах болжээ. Хятадын өдөр тутмын нэгэн сонинд орон нутгийн эрх баригчид нүүрсийг халж, хийг хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэлгүй, туршлагагүй, хөнгөн хуумгай алхам байсан хэмээн шүүмжилжээ.
Дээрх нөхцөл байдлын улмаас Хятадын байгаль орчныг хамгаалах яамны сайд хийн түлшний хомсдолд ороод буй 28 хотын иргэдэд шаардлагатай бол нүүрс түлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Эдгээр хотын тоонд Бээжин хот ч бас багтсан юм. Эртнээс нааш нүүрс түлж ирсэн дээрх хотуудад агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд наймдугаар сараас нүүрсний хэрэглээг халахыг засгийн газраас үүрэг болгожээ. Гэвч эдгээр муж, хотуудад хийн түлшний төсөл хараахан бүрэн хэрэгжээгүй байгаа юм.
Бээжин хот Хятадын хамгийн анхны цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч хот болох зорилтын хүрээнд энэ оны гуравдугаар сард нүүрсний бүх цахилгаан станцуудаа хаасан билээ. Гэвч хийн түлшний хомсдол нүүрлэсний улмаас хотын захиргаа эрчим хүчний China Huaneng Group-т цахилгаан станцыг дахин ажиллуулах хүсэлт тавьжээ. Харин тус компани энэ хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байгаа ажээ. Хятадын үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс тус улсын хойд муж, хотуудад нүүрлээд буй хийн түлшний хомсдолыг арилгах зорилгоор орон нутгийн удирдлагууд болон хийн түлш нийлүүлэгчидтэй хамтарч ажиллахаар болсон байна.
Хятадын хийн түлш нийлүүлэгч том компани болох “China National Petroleum Corp.,” петрохимийн үйлдвэрүүд дэх нийлүүлэлтээ багасгаж, ахуйн хэрэглээний хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа гэнэ.
Хятадын Гүижоу мужийн эрчим хүчний газрын мэдээлснээр Хятад улсад одоо өдөрт 40 сая м3 хийн түлшний хомсдолд ороод байгаа ажээ. Гуандунь мужийн эрх баригчдын мэдээлснээр хэрэв хүйтний эрч энэ хэвээр удаан үргэлжилбэл хийн түлшний эрэлт улам нэмэгдэж, хомсдол ноцтой нөхцөл байдал дагуулж магадгүй гэж анхааруулжээ.
Хятад улс нүүрснээс татгалзаж эхэлсэн ч гэлээ дээрх шалтгааны улмаас дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч бас үйлдвэрлэгч хэвээр байгаа юм. Хятадын хийн түлшний хэрэглээ болон хомсдолоос үүдэж, нүүрсний зах зээл ирэх хоёр гурван жилд хумигдах төлөвтэй байгааг түүхий эдийн зах зээлийн шинжээчид хэлж байна.