“Манчестер Юнайтад”-ийн довтлогч Монголд

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

“Манчестер Юнайтад”-ийн довтлогч Монголд

“Манчестер Юнайтад”-ийн довтлогч Монголд

Монголын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээг зохион байгуулах билээ. Энэхүү ёслолын арга хэмжээний хүндэт зочноор “Манчестер Юнайтад” клубын довтлогч асан Луи Саа оролцох бөгөөд тэрбээр өчигдөр манай улсад ирсэн юм.

Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа Монголд ирсэн даруйдаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-БНСУ-ын онгоцны буудалд бага зэрэг саатсан гэж сонслоо. Таны нислэг хэр байсан бэ?

-Зүгээрээ. Би өөрөө аялж, дэлхийн улс оронтой танилцах дуртай. Тиймээс урт нислэг хийхэд надад бэрхшээлтэй байдаггүй. Солонгосын онгоцны буудал дээр тээшний асуудлаас болж бага зэрэг саатсан байгаа. Гэхдээ энэ бол тийм том асуудал байгаагүй ээ. Бүх зүйл зүгээр. Би Монголд ирсэндээ баяртай байна. Ирэх өдрүүдэд олон сайн зүйл тохионо гэдэгт итгэлтэй байна.

-Та Монголын талаар өмнө нь сонсож байсан уу?

-Мэдээж, сонсолгүй яахав. Би Монголын тухай бага сага мэднэ. Ирэхээсээ өмнө хөлбөмбөгийн хөгжлийн талаар сонссон. Хөлбөмбөгийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг. Би шилдэг тамирчдад баяр хүргэж, баярыг нь хуваалцахыг хүссэн. Эмэгтэй тамирчид ч маш шаргуу бэлтгэл хийж байгааг сонсохдоо таатай байсан. Дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөгийн хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг би хүсдэг.

-Та Монголын хөлбөмбөгийн шилдэгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд хүндэт зочноор уригдсан. Монголын фэнүүддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Онгоцны буудал дээр ирээд фэнүүдээ харахад сайхан санагдаж байна. Жаахан хүүхдээс эхлээд хөлбөмбөгт хайртай хүмүүс маш олон байна. Спорт бол өөрөө маш үзэсгэлэнтэй, хамгийн сайхан зүйл. Дэлхийн даяар хүмүүс спортоор дамжуулан нэгэн зүрх сэтгэлтэй, нэг зүйлийн төлөө байж чаддаг. Хэдийгээр Европ шиг нөхцөл байдал бусад орнуудад байхгүй ч гэлээ өөрсдийн боломжоороо хичээж, зүтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Та 2013 оноос хойш дээд лигт тоглохоо больж, зодог тайлсан. Үүнээс хойш юунд цаг заваа зарцуулж байна вэ?

-Тийм ээ, би дөрвөн жилийн өмнөөс хөлбөмбөг тоглохоо болисон. Үүнээс хойш жижиг улсуудад тоглогчийн хувиар биш дасгалжуулагчийн үүргээр тусалж, дэмжиж явна. Өөрийн туршлагаасаа бага ч болов зааж сургахыг хүсч байгаа. Би өөрөө тоглогч байсан учраас тамирчдыг илүү ойлгоно гэж боддог.

-Ирэх өдрүүдэд Монголд юу хийнэ гэж төлөвлөж байна. Таньд яаж төсөөлөгдөж байна даа?

-Би хөлбөмбөгтэй холбоотой арга хэмжээнд оролцож, уулзалтад оролцоно. Өнгөрсөн жилүүдэд ямар байсныг нь сонсоно. Ийм хүйтэн цаг агаартай нөхцөлд хэрхэн бэлтгэл сургуулилт хийх, яаж илүү сайжрах тал дээр харилцан ярилцаж, зөв гарцыг заах болно. Хэрвээ миний тусалж чадах зүйлс байвал би туслахыг хичээнэ. Бусад хүмүүст ч дуу хоолойг нь хүргэхийг хичээнэ. ФИФА ч гэсэн дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөгийг хөгжүүлэхийг хүсдэг шиг би ч мөн ийм л зүйл хийдэг.

-Монголд одоо их хүйтэн байна. Та урьд нь ийм хүйтэн газар ирж байсан уу?

-Үгүй ээ, ирж байгаагүй. Анх удаагаа хүйтэн газарт ирж байна. Миний хувьд хуучин хотоосоо нүүгээд Францын урд хэсэгт амьдарч байгаа. Тэнд маш нарлаг, бас дулаахан байдаг. Гэсэн хэдий ч шинэ соёл, шинэ улсад ирсэндээ баяртай байна. Монголын фэнүүдтэй уулзаж, тэдний инээмсэглэсэн царайг харах сайхан байна.

Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа “Манчестер Юнайтед” клубийн хамтаар Английн дээд лигт /Premier league/ хоёр, Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигт /UEFA Champions league/ нэг удаа түрүүлсэн. Тэрбээр  Английн дээд лигийн “Манчестер Юнайтед”, “Эвэртон”, “Фүлхэм”, “Сандерлэнд”, “Тоттенхэм”, “Ньюкасл Юнайтед” клубүүдэд тоглож явсан шилдэг довтлогч юм. Луи Саа өчигдөр Монголд ирсэн бөгөөд өнөөдөр болох “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээний хүндэт зочноор оролцоно. Тэрбээр “Алтан бөмбөг” арга хэмжээний дараа хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж, гарын үсэг өгөх, Английн дээд лигт 289 тоглолтод 85 гоол оруулсан дурсамжаасаа хуваалцана. Түүнтэй хамт өнгөрүүлэх шинэ жилийн үдэш өнөөдөр 21.00 цагаас ‘Кемпински’ зочид буудалд болох бөгөөд такс 25.000 төгрөг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж