Азийн мусульман шашинт Индонез улсын нийслэл Жакарта АНУ-ын Элчин сайдын яамны гадна Даваа гаригт (2017.XII.11) хилэгнэсэн олон цуглаж, Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зургийг шатаан эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд Иерусалим хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг ийнхүү эсэргүүцжээ. Жагсаалын үеэр Палестины төрийн далбааг барьсан жагсагчид интифада буюу Израилийн эсрэг бослогод уриалж, цусаараа Палестиныг дэмжинэ гэцгээж байв. Харин Индонезийн Засгийн газраас Иерусалим хотын харьяаллын асуудлыг оролцогч талууд буюу Израиль, Палестин шийдэх ёстой гэсэн байр суурийг дэмжжээ. Өнгөрсөн амралтын хоёр өдөр хаа сайгүй жагсаал цуглаан өрнөж байв.
Дэлхийн эртний хотын нэг Иерусалим нь ислам болон христийн шашны хувьд ариун газарт тооцогддог. Гэвч тус хотын харьяалал урт хугацааны туршид Израиль болон Палестины хооронд маргааны сэдэв болсоор иржээ. Дэлхий дахины мусульман шашинтнуудын эсэргүүцлийг дагуулсан мэдэгдлийнхээ араас Дональд Трамп Элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэхээр төлөвлөсөн нь нөхцөл байдлыг хурцатгаж байна. Трампын мэдэгдлийн араас Ливаны нийслэл Бейрут хотноо жагсагчид АНУ-ын Элчин сайдын яамны гадна цагдаа нартай мөргөлдсөн бол Иерусалим хотын автобусны төв буудалд израиль хамгаалагчийг палестин залуу хутгалж гэмтээжээ. Шведийн Готенбург хотод хүртэл хэсэг бүлэг хүмүүс Дональд Трампыг эсэргүүцэн христийн сүмийг шатаахыг оролдсоныг цагдаагийн хүчээр зогсоожээ. Германы Хууль зүйн сайд Хейко Маасын мэдээлснээр Берлин хотноо жагсагчид Израйлийн тугийг шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн аж.
Арабын лигийн Гадаад хэргийн сайд нар яаралтай хуралдаж, хэдэн цаг уулзалт хийсний дараа Дональд Трампын шийдвэрийг хууль бус хэмээн шүүмжилжээ. Түүнчлэн Малайз улсаас Иерусалим руу цэргийн хүчээ илгээхэд бэлэн хэмээн мэдэгдэж, Палестины бүрэн эрхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Ойрхи-Дорнодын зөрчлийн галыг өрдсөн Трампын мэдэгдлийг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “энхийн заналхийлэл” хэмээн шүүмжлэв. Тэгвэл Ватиканы тэргүүн Францис “улс орнуудын удирдагчид хүчирхийллийн хэлбэрээс зайлсхийж, статус квог хүндэтгэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. АНУ нь Израилийг дэмжсэн бодлого барьсаар ирсэн. Гэхдээ Дональд Трамп Иерусалимыг Израилийнх гэж хүлээн зөвшөөрсөн нь өнгөрсөн Цагаан ордны сонгуулийн үеэр христийн талаас нэлээд мөнгөн хандив авсантай холбоотой гэж зарим ажиглагчид харджээ. Тухайлбал, АНУ-ыг Элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэхийг лоббиддог “казиногийн тэрбумтан” Шелдон Аделсон 20 сая ам.долларын хандив өгсөн аж.
Үүний зэрэгцээ Израилийн ерөнхий сайд Беньямин Нетьянху Брюссельд айлчлах үеэрээ Европын холбоо АНУ-ын шийдвэрийг дэмжинэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Иерусалим хот 3000 гаруй жилийн турш еврей хүмүүсийн нийслэл байсаар ирснийг онцолж, Европын орнууд Тель Авиваас Элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Харин Европын холбооны гадаад бодлогын дарга Федерика Могерини бүлгийн тогтвортой үзэл баримтлал өөрчлөгдөхгүй хэмээсэн аж.
1980 оныг хүртэл Иерусалимд хэд хэдэн орны Элчин сайдын яам байрлаж байв. Гэхдээ АНУ-ын Элчин сайдын яам анхнаасаа Тель Авивт байрладаг байж. Харин Израилийн Засгийн газар 1980 оны долдугаар сард Иерусалимыг нийслэл хэмээн зарласныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл олон улсын хууль зөрчсөн хэмээн тогтоол гаргаснаар олон улс Элчин сайдын яамаа нүүлгэжээ. Хамгийн сүүлд 2006 онд Коста Рика Иерусалим хотоос Элчин сайдын яамаа Тель Авив руу нүүлгэжээ. НҮБ-аас 1947 онд Иерусалимыг “олон улсын хот” хэмээх статустай болгосон ч дайны дараа Израиль тусгаар тогтнолоо зарласнаар хот хоёр хуваагдсан аж. Улмаар Иерусалим хотын үлдсэн зүүн хэсэгт Израиль 1967 оны дайнаар хяналтаа тогтоосон боловч олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байв. Нөгөө талд тусгаар улсын статусаа алхам алхмаар батжуулсаар буй Палестины хувьд Иерусалим хотыг нийслэлээ хэмээн үзсээр иржээ. Израиль, Палестины хоорондох 1993 оны энхийн баримт бичгээр бол Иерусалим хотын асуудлыг хоёр тал энхийн яриа хэлцлийн зарчмаар шийдвэрлэхээр тогтсон аж.
Иерусалим гэдэг нь “Бурхны ариун газар’ гэсэн утгатай араб үг бөгөөд гурван шашны хувьд ариун газар. “Иудейчүүд бидний хувьд Иерусалим хамгийн ариун газар. Энэ хотыг Дэвид байгуулсан бөгөөд Соломон хааны минь ордон бий”. “Христийн шашинт бидний хувьд Иерусалим хамгийн чухал газар. Есүс амьдралынхаа сүүлийн өдрүүдийг энд өнгөрүүлсэн бөгөөд Библид дурдсанаар түүний ‘дахин төрөх газар энэ”. “Муслимчууд бидний хувьд Иерусалим яалт ч үгүй ариун газар. Зөнч Мухаммед энх тайвныг энд цогцлоож байсан бөгөөд Мекка, Медина, Иерусалим гурван хот нийлээд ертөнцийн хамгийн ариун газар болдог” хэмээн тодорхойлдог аж. Газар зүйн байршлын хувьд Газар дундын тэнгисээс 60 км, Сөнөсөн тэнгисээс 35 км-ийн зайтай.