Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.
-Банкны зээлийн хүүг бууруулах асуудалд улстөрчид анхаарлаа хандуулж, эхнээсээ хуулийн төсөл санаачлаад байгаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувиар тогтоох санаачилга ч улстөрчдийн зүгээс гаргах болсон. Харин банкны салбарынхан төр зээлийн хүүд хүчээр хязгаар тогтоовол эсрэгээрээ эдийн засгаа эрсдэлд оруулна гэсэн тайлбар өгч буй. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Зээлийн хүүд дээд хязгаар тогтоовол эдийн засаг хүлээж авах боломжтой юу?
–Монголын эдийн засаг, санхүүгийн систем таг зогссон, явах газаргүй болсон. Монгол Улс тэр чигтээ мөнгө хүүлэлтэд нэрвэгдээд, дампуурлын ирмэгт тулчихаад байна. Наймаа хийдэг иргэд “Амьдрах хүсэлгүй боллоо” гэж хэлж байгаа. Том компанийн захирлууд хүртэл айдастай амьдрах болсон. Энэ бол Монгол Улс тэр чигтээ мөнгө хүүлэлтэд шилжсэн гэдгийг харуулж байгаа. Лангуу ажиллуулдаг наймаачнаасаа эхлээд компанийн захирал нь мөнгө хүүлэгч нарын мэдэлд орсон.
Таван жилийн өмнө ТОП-100-д багтдаг байсан компани өнөөдөр 10, 20 сая төгрөгийн зээл ломбардаас авч байна. Монголын аж ахуйн нэгжүүд том, жижиггүй бүгд хүндэрсэн.
Өнөөдөр зээлийн хүү өндөр үү, бууруулах цаг болсон уу гэж асуух шаардлагагүй. Яагаад гэвэл энэ хуулийг 10 жилийн өмнө батлах ёстой байсан юм. Тэгсэн бол Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл өөр байхгүй юу, үнэхээр харамсалтай.
Аль ч улсын үндэсний аюулгүй байдлын гол баталгаа нь аж ахуйн нэгжүүд. Гэтэл сүүлийн жилүүдэд зээлийн хүүгийн өндөр дарамтаас болж аж ахуйн нэгжүүд өсч, өндийх биш харин ч дампуурах нь ихсэж, хаалгаа барьж байна. Тэсч үлдсэн нь ажилчдын орон тоогоо багасгаж, үйлдвэрлэлээ бууруулах болсон. Энэ юуг харуулж байна вэ гэхээр цаагуураа аж ахуйн нэгжүүд байхгүй болж, мөн жижгэрч байна гэсэн үг. Үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирлаа шүү дээ. Цаг алдалгүй төр зохицуулалт хийхээс аргагүй.
-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувиар тогтоох төслийг та дэмжиж байна гэсэн үг үү?
-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийнх нь18 хувиар заах нь боломжийн гэж харж байгаа. Одоогоор зээлийн хүүг бууруулахтай холбоотой хоёр төсөл боловсруулагдсан байна. Нэг нь С.Эрдэнэ гишүүний санаачилсан төсөл, нөгөөх нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Занданшатар хоёрын санаачилсан төсөл. Хоёр гишүүн зээлийн хүүгээ зарлаагүй байгаа. Гэхдээ цахим хуудаснаас нь авсан мэдээгээр 20 хувь гэж ойлгосон. Ер нь бол зээлийн хүүгийн дээд хязгаарыг эхний удаад 18-20 хувиар тогтоох нь боломжийн хувилбар.
-Банкны салбарынхан “Арилжааны зээл жилийнх нь 20 гаруй хувийн хүүтэй байгаа” гэдэг мэдээллийг өгдөг. Хэрэв УИХ-аас зээлийн хүүгийн дээд хязгаар 18-20 хувь байна гэж тогтоож өгвөл зээлийн хүү одоогийн төвшнөөс дорвитой буурахгүй биш үү?
-Манай банкныхан статистикаа худлаа гаргадаг, хэлдэг. Банкны зээл жилийнх нь 18-19 хувьтай гэж ярьдаг. Бодит байдал дээр тийм биш. Ихэнх аж ахуйн нэгжүүд жилийн 30-36 хувийн хүүтэй зээл авдаг. Ихэнх барилгын компаниуд 30-35 хувийн хүүтэй зээл авч байна.
Гэтэл банкууд олгож байгаа зээлийн хүүгээ төрөөс бодлогоор хэрэгжүүлдэг найман хувийн ипотекийн зээл зэрэг зорилтот хөтөлбөрийн зээлтэй нэгтгэж, дунджийг нь гаргаад “Арилжааны банкны зээл жилийнх нь дунджаар 18-19 хувь” гэж зарлаад байгаа юм. Тийм л юм бол С.Эрдэнэ гишүүний санаачилсан зээлийн дээд хязгаарыг 18 хувиар тогтооё гэсэн төслийг юуг нь эсэргүүцээд байгаа юм бэ?.
-Төв банкны бодлогын хүү өндөр байгаа нь эргээд зээлийн хүү өндөр тогтох суурь болдог бэрхшээл байна?.
-Тийм ээ, Төв банкны бодлогын хүү эдийн засаг болоод нийт аж ахуйн нэгжүүдийг боомилж байгаа. Бодлогын хүүг 6-8 хувь руу оруулж байж, эдийн засаг зөв гольдролд орно. Хоёрт, Засгийн газар, төв банк хоёр үнэт цаас гаргаж ирсэн нь аж ахуйн нэгжүүдийг зээл авах боломжгүй болгосон. Засгийн газар дээр өнөөдөр 4 их наядын бонд байгаа бол төв банк дээр 2.5 их наяд төгрөгийн үнэт цаас байна. Үндсэндээ 6.5 их наяд төгрөгийг төв банк, Засгийн газар хоёр татаад авчихаар аж ахуйн нэгж зээл авах боломжгүй болж байгаа. Шинэ Засгийн газар энэ алдааг ойлгоод Сангийн сайд нь бодлогоо танилцуулсан. “Бид аж ахуйн нэгжид очих ёстой мөнгийг авч байжээ. Одоо болъё” гээд Засгийн газрын бонд гаргахаас татгалзах болсон. Сүүлийн сар хагаст Сангийн яамнаас бонд гаргасангүй. Дотоод нөөц бололцоогоо ашиглаад явж байх шиг байна.
Гэтэл төв банк алдаагаа ухаарахгүй байна. Засгийн газрын суларсан мөнгийг өөр дээрээ татчихаад байна. Цаашдаа ийм бодлого хэрэгжүүлж таарахгүй.
-Банкны цэвэр ашиг хоёр жил дараалан 200 тэрбумд хүрлээ гэсэн тооцоог зарим эдийн засагч гаргасан байна. Банк өндөр ашигтай ажиллахад зээлийн өндөр хүү, төв банк, Засгийн газраас гаргасан бонд нөлөөлөв үү?
-Эдийн засагч Н.Дашзэвэг гуай “Банкны систем өнгөрсөн жил 200 тэрбумын ашигтай гарлаа, энэ жил мөн 200 тэрбумын ашигтай гарлаа” гэж хэллээ. Миний тооцоогоор Монголын арилжааны банкны зээлийн үйл ажиллагаа алдагдалтай гарсан.
Яагаад ийм байдалд оров гэхээр зээлийн үйл ажиллагаа нь үндсэндээ зогсчихсон. Жилийн 30 гаруй хувийн хүүтэй зээл авах аж ахуйн нэгж байхгүй болсон. Зээлийн үйл ажиллагаа нь зогсчихоор сүүлийн гурав, дөрвөн жил ямар процесс явсан бэ гэхээр арилжааны банкны мөнгийг өндөр хүүгээр төв банк, Засгийн газар хоёр хувааж хүчээр авсан. Энэ процесс явж байгаа.
Жилийн 15 хувийн хүү бол ямар ч бодлогогүй хүү. 15 хувийн хүүгийн ард юу байсан бэ гэхээр төсвөөс татвар төлөгчдийн хөрөнгөөс банкуудад 500-600 тэрбум төгрөг л өгөх үйл ажиллагаа байсан. Өөрөөр хэлбэл, банкууд 500-600 тэрбум төгрөг авсан атлаа 200 тэрбумын ашигтай гарсан гэдэг нь үндсэн үйл ажиллагаанаасаа 400 тэрбумын алдагдалтай ажилласан гэсэн үг.
Хэрэв төр банкуудад 600 тэрбумыг өгөхгүй болбол жил бүр алдагдалтай ажиллах дүр зураг харагдаж байгаа. Банкны дүрмийн сан 2 их наяд төгрөг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Зээлийн дээд хязгаарыг тогтоох тухай хууль батлахгүй бол арилжааны банкууд 4-5 жилийн дотор байхгүй болно гэсэн үг. Жил болгон 400-500 тэрбумын алдагдалтай ажиллаад ирэхээр ямар банк үлдэх юм бэ. Тэгэхээр зээлийн хүүд дээд хязгаар тогтоох тухай төслийг хамгийн их дэмжих ёстой хүмүүс нь иргэд аж ахуйн нэгжүүд гэхээсээ банкууд өөрсдөө юм. Банк нь хүртэл хүүдээ хүүлэгдэж эхэллээ шүү дээ.
-Зээлийн хүүг бууруулахын тулд инфляци бага байх ёстой гэдэг асуудлыг төв банкнаас тавьдаг. Гэтэл УИХ-аас ирэх онд инфляц 8 хувь байхаар заасан. Ийм байхад зээлийн хүүг бууруулах бололцоотой юу?
–Инфляцийг төр зохицуулах ёстой. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх нөхцөлийг бий болгох ёстой. Дэд бүтцээ сайжруулах, валютын ханшаа тогтворжуулах зэрэг арга хэмжээ бол төрийн хийх ёстой ажил.
Манай гол алдаа бол инфляци дээр нэмэх нь зээлийн хүү, хадгаламжийн хүү гэж тавьдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү, хадгаламжийн хүү заавал инфляцаас дээгүүр байх ёстой гэж босго тавьдаг. Инфляци байж, мөнгөө хааш нь хийх вэ гэдэг сонголтоо иргэн хийдэг.
Жишээ татъя, төгрөгөө банканд хийвэл инфляцид идэгдэх юм байна, үл хөдлөх хөрөнгө худалдаж авъя, компанийн хувьцаа худалдаж авъя гэдэг сонголттой байж, санхүүгийн зах зээл явдаг. Гэтэл инфляци дээр нэмэх нь таван хувь, 10 хувь гээд хадгаламжийн хүүгээ өндөр болгочихоор эдийн засагт байсан бүх мөнгө банкны хадгаламжид очоод идэвхигүй байдалд орчихоод байна.
Энэ шалтгаанаас болоод эдийн засгийг эргэлдүүлэгч гол хүч болсон аж ахуйн нэгжүүд нь санхүүжилтгүй болж байгаа. Гол алдаа энэ.
-Зээлийн хүүд дээд хязгаар тавихаар хадгаламжийн хүү буурах нь хууль болж таарч байгаа. Энэ тохиолдолд том хадгаламж эзэмшигч нар мөнгөө татах вий гэсэн болгоомжлол байна?
-Тэд хаашаа мөнгөө татах юм бэ. Монгол дэлхий дээрх хамгийн өндөр хадгаламжийн хүүтэй улс. Зарласан нь 15 хувь, 500 сая, тэрбум төгрөгийн хадгаламжтай хүнд банк жилийн 18-19 хувийн хүү амлаж байна. Энийг жилийн 8-9 хувь болголоо гээд хаашаа ч алга болохгүй.
-Долларын хадгаламж руу шилжүүлчихгүй юу?
-АНУ-д долларын хадгаламжийн хүү жилийнх нь 0.1 хувь. Америк руу 0.1 хувьтай хийхгүй байлгүй дээ.
Г.ДАРЬ