Монгол малын өсөлтийг дэмжих кампанит ажил явуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Монгол малын өсөлтийг дэмжих кампанит ажил явуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зуншлага нийт нутгаар тавлаг өнгөрлөө гэж байна. Хадлангийн гарц ямар байгаа вэ?

-Энэ жилийн хувьд нийт нутгийн 90 гаруй хувьд гарц сайн байна. Үүнтэй холбоотойгоор хадлангийн гарц аймгуудад жигд байгаа. Одоогоор бид хадлан бэлтгэлийн техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын тал дээр ажиллаж байна. Техникийн бэлэн байдлын хувьд улсын хэмжээнд 93.3 хувьтай байна гэсэн мэдээлэл бий. Ерөнхийдөө улсын хэмжээнд 9500 гаруй техник байгаа гэж ойлгож болно.

-Орон нутагт хадлан эхэлчихсэн үү?

-Хадлан бэлтгэх зохион байгуу­лал­тын ажлуудыг хийж байна. Засгийн газрын зүгээс ирэх өвлийн өвөлжилтийн бэлтгэл хангах тогтоол гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг манай яамнаас гаргаж орон нутгуудад зөвлөмж хүргүүллээ. Улсын хэмжээнд нийт 43 сая мал өвөлжинө гэж тооцоод байгаа. Тэгэхээр нэг сая 200 мянган тонн байгалийн хадлан шаардлагатай байна. Үүнээс гадна Ерөнхий сайдын албан даалгавраар аймаг, орон нутагт зайлшгүй бэлтгэх өвс, тэжээлийг аюулгүйн нөөцөд бэлтгэх ажлыг зохион байгуулна. Энэ нь нэг аймагт 100-150 тонн хадлан, 50-100 тонн тэжээл бэлтгэх даалгаврыг гүйцэтгэнэ гэсэн чиглэлтэй байна.

-Хадлан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулдаг?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хадлангийн бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор тодорхой урамшуулал олгох ажлыг сүүлийн гурван жилийн хугацаанд зохион байгуулж байна. Энэ жил мөн адил “Хадлан тэжээл-2011” гэдэг болзолт уралдаан зарлалалаа. Ингэснээр сум, баг, малчин, аж ахуйн нэгж гэсэн дөрвөн түвшинд болзолт уралдаанаа явуулна. Хамгийн сайн чанартай хадлан бэлтгэсэн малчин, өндөр бүтээмжтэй баг гэдэг ч юм уу. Мөнгөн урамшуулал буюу 3-5 сая төгрөгийн сан бүхий болзолт уралдаан юм.

-Хадлангийн техник дутаг­далтай байдаг гэсэн. Энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Техникийн тал дээр гэвэл тун саяхан “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд нийт 121 ширхэг хадлангийн өөрөө явагч техник, хадуурыг худалдаж авлаа. Үүнийгээ бид тодорхой үнээс нь чөлөөлнө.  Өөрөөр хэлбэл тавин хувийн үнийг нь бууруулж малчин, иргэдэд олгоно. Мөн БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хүрээнд нийт 40 сая ам.долларын хөрөнгөөр 8000 газар тариалангийн болон хадлангийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Хэрвээ энэ ажлыг хийж чадвал бид хадлангийн чиглэлийн 3000 тракторыг аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлттэй үнээр нийлүүлнэ. Мөн хадлангийн чиглэлийн тоног төхөөрөмжүүд урьд жилүүдийнхээс гурав дахин нэмэгдэх юм.

-Зөвхөн хадлан бус малын тэжээлийн нөөц бүрдүүлдэг шүү дээ. Энэ тухайд?

-Энэ чухал асуудал. Саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тайлбарлаж буйгаар зориулалтын ялангуяа шувуу, гахайны тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжээгүйгээс улбаалж импортын тэжээл их хэмжээгээр, хяналтгүй оруулж ирэх түүнээс шалтгаалсан янз бүрийн гоц халдварт өвчин газар авах нь ихэслээ хэмээж бай­лаа. Тэгэхээр цаашдаа тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж, төрөлжсөн үйлдвэрүүдийг байгуулах тал дээр нэлээд анхаарч ажиллана. Энэ чиглэлд мөн 400 гаруй сая төгрөгийн хөрөнгийг төсөвлөөд байна.

-“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд багагүй хөрөнгө зарцуулж байгаа юм байна. Тийм үү?

-Үр дүн харагдах зүйлд сайтар судалж байж төсөвлөж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд зөвхөн урамшуулал, дэмжлэгт мөнгө зориулаад байгаа гэж ойлгож болохгүй. Тухайлбал, хөдөөд усан хангамжийг сайжруулах ажилд дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байна. Худаг, усны асуудал чухал биз дээ. Одоогоор бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажил 65 орчим хувьтай явж байна. Бид энэ сард багтаан дуусгана.

-Малын эрүүл ахуйн талаар юу хийж байгаа вэ?

-Ерөнхий сайдын санаачилгаар энэ онд улсын хэмжээнд нийт бүх малд мал эмнэлгийн парзит өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ дагуу салбарын яамны сайдын мал эмнэлэгийн арга хэмжээний зардалд тодорхой зохицуулалт хийж нийтдээ гурав орчим тэрбум төгрөгөөр тарилга хийнэ. Энгийн нэг ажил байхгүй шүү дээ. Бүх малыг хамруулах учраас нэлээд өргөн хүрээний ажил байх нь дамжиггүй. Одоогоор вакцин, тарилгыг худалдан авах зохион байгуулалтын ажлыг нь хийж байна. Ирэх сарын 25 гэхэд бүх суманд тариа, шаардагдах тариур, зүү, тоног төхөөрөмж, ажиллах хүмүүсийг бэлэн байлгана. Ерөнхийдөө монгол малын өсөлтийг дэмжих кампанит ажил явуулна гэсэн үг. Одоохондоо Хөдөө аж ахуйн их сургуулийн төгсөх болон дөрөвдүгээр курсын оюутнуудыг дайчлахаар боллоо. Мөн орон нутгуудын мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтнүүд, их сургуулиудын эрдэмтэн багш нарыг оролцуулна. Малчдын зүгээс бүх малаа толгой дараалуулан вакцинд хамруулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй байх.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж