Гэр хороолол хөгжлийн намыг зориудаар бүртгэхгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Гэр хороолол хөгжлийн намыг зориудаар бүртгэхгүй байна гэв

Гэр хороолол хөгжлийн намыг зориудаар бүртгэхгүй байна гэв

Гэр хороолол хөгжлийн намыг Улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Энэ үйлдэл нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчныхоо төлөө эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж байна хэмээн Б.Батсүх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Гэр хороолол хөгжлийн намыг Б.Батсүх удирдахаар болж, гишүүдийнхээ хүсэлтээр сонгогджээ. Тэрбээр ‘Бидний хэсэг нөхөд Гэр хороолол хөгжлийн намыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байгуулахаар бэлдэж, эвлэлдэн нэгдэж, үзэл санаагаа нэгтгэсэн. Гэр хорооллыг хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө гэж үзсэн учраас бид энэ намыг байгуулахаар явсан.

Анх 2017 оны зургадугаар сарын 23-нд Гэр хороолол хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргасан. Шүүх хуралдаан зургадугаар сарын 30-нд болсон ч “Гэр хороолол хөгжлийн нам нь Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалтуудыг хангахгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан.

Тухайлбал, улс төрийн нам 801 гишүүнтэй байх ёстой, танай нам 792 гишүүнтэй байна гэж 9 хүнийг хассан байсан. Бид анх 1000 гаруй гишүүдийн нэр өгсөн. Зөрчлүүдийг засаад дахин хүсэлт гаргавал танай намыг бүргэхэд бэлэн” гэсэн.

Хэлснийх нь дагуу бэлтгэл хангаж, дараа нь намын их хурлаа дахин хуралдуулсан. Улсын дээд шүүхэд хоёр дахь хүсэлтээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд гаргасан.  Гэтэл эхний удаад болно гэсэн мөрийн хөтөлбөрийг боломжгүй гэж үзэн дахин бүртгэхээс татгалзсан.

Хууль зөрчсөн гээд байгаа заалт нь Ардчилсан нам, МАН-ын дүрэмд тусгагдсан байдаг. Гэтэл энэ заалт нь Гэр хороолол хөгжлийн намын дүрэмд орохоороо хүний эрх зөрчсөн, байх боломжгүй заалт болж хувирч байна.

Гэр хорооллынхныг илт ялгаварлан гадуурхаж байгаа энэ үйлдлийг бид эцсээ хүртэл эсэргүүцэж, гэр хорооллынхон бид Хүний эрхийн Үндэсний комисст хандана гэдгээ мэдэгдэж байна’ гэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж