Хятадын тагнуулууд Германы улстөрч, төрийн албан хаагчдын мэдээллийг олж авахын тулд хуурамч LinkedIn хаяг ашиглаж буйг ХБНГУ-ын тагнуулын агентлаг (BfV) мэдээлсэн байна.
ХБНГУ-ын тагнуулын агентлагийн мэдээлснээр Хятадын тагнуулууд тус улсын 1000 гаруй иргэдийн хувийн мэдээллийг авахын тулд хуурамч хаяг ашигласан гэнэ. Тус агентлагийн тэргүүн Ханс-Георг Маассены мэдэгдсэнээр Хятадын тагнуулын энэ үйл ажиллагаа нь тус улсын нөлөө бүхий улстөрчдийн хувийн мэдээллийг олж авах, тагнаж чагнах зорилготой бөгөөд тэр дундаа холбооны парламент, сайд нар, засгийн газрын агентлагуудыг онилсон гэнэ.
Хятад улс тагнуулын байгууллагыг нь кибер халдлагад сэжиглэсэн янз бүрийн хардлагуудыг үгүйсгэж ирсэн бөгөөд Германы тагнуулын байгууллагын дээрх мэдэгдэлд хараахан хариу өгөөгүй байгаа юм.
ХБНГУ-ын тагнуулын агентлаг Хятадын тагнуулуудын мэдээлэл олж авахын тулд ашиглаж байсан хамгийн идэвхтэй найман хуурамч цахим хаягийг илрүүлсэн байна. Тэдгээр цахим хаяг нь гаднаасаа залуу, хятад мэргэжилтэн мэт олон нийтэд харагдах боловч бусдын ялангуяа нэр нөлөө бүхий хүмүүсийн мэдээллийг олж авах зорилготой юм.