Монголын урчуудын эвлэлийн байгууллага үүссэний түүхт 75-н жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд “Монгол улсын Ардын зураачид” үзэсгэлэн энэ сарын 13-ны өдөр Урчуудын эвлэлийн “Бест арт” галерейд гарна. Уг үзэсгэлэнг зохион байгуулагч Монгол улсын гавъяат багш, доктор, зураач, сийлбэрч Н.Бавуужав зохион байгуулж байгаа юм. Монгол Улс 15 ардын зураачтай. Эдгээрээс Н.Чүлтэм хөдөлмөрийн баатар цол, зураач төрийн шагнал хүртсэн байдаг байна. Анхны ардын зураач цолыг 1965 онд Ү.Ядамсүрэн, О.Цэвэгжав нар хүртэж байжээ. Монгол улсын гавъяат багш, доктор Н.Бавуужав хоёр жилийн өмнө Монгол улсын ардын зураач цол хүртсэн 15 алдартнуудыг хойч үедээ таниулах, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор өөрсдийнх нь нэрийн хуудас болсон сор бүтээлийг зохиомжлон хөрөг зураг туурьвих ажлаа эхлүүлсэн байна. Тодруулбал Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын зураач Н.Чүлтэмийн хөргийг алдарт “Талын айл” бүтээлтэй нь зохиомжлон зуржээ. Мөн О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Ү.Ядамсүрэнгийн “Нөхөрлөл”, Намхайцэрэнгийн “Худаг дээр”, Н.Жамбаагийн “Эмнэг сургагч” гэх зэргээр 15 ардын зураачийн хөргийг бүтээсэн байна.
Дүрслэх урлагийн бүтээлийн салшгүй нэг хэсэг нь сийлбэр. Гавъяат багш Бавуудорж хүрлийн үеийн хадны сүг зурагнаас санаа авч сийлбэр хийх болсон нь өнөөдөр уран бүтээлчид төдийгүй олон нийтийн анхаарлыг татах болжээ. Ирэх лхагва гаригт гаргах Монгол улсын ардын зураачид үзэсгэлэндээ өөрийн ур ухаан шингэсэн сийлбэрийн бүтээлийг дээжлэн гаргах юм байна. Зуны халуун өдрүүдийн зэрэглээг буулгах нь амаргүй. Тэгвэл Зураач, сийлбэрч Н.Бавуудорж өөрийн сэтгэмжээр “Зэрэглээ” нэртэй сийлбэр урлажээ. Мөн “Хийморийн морь” гэх хүрлийн үеийн хадны сүг зураг дээрээс санаа авсан буга, хангарьд зэрэг олон төрлийн амьтны сийлбэр энэхүү үзэсгэлэнд тавигдах гэнэ.
Ш.ОЧ