Орхигдсон эрүүл мэндийн хичээл эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Орхигдсон эрүүл мэндийн хичээл эргэн ирнэ

Орхигдсон эрүүл мэндийн хичээл эргэн ирнэ

Багш нь хичээлээ тоть шиг давтаж, сурагчид нь үг дуугүй бичиж суудаг цаг үе хэдийн ард үлджээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл, уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болох тухай зорилт багтсан байдаг.

Гэвч 2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд ‘Эрүүл мэндийн хичээл’-ийг ‘Хүн ба Орчин’, ‘Хүн ба Байгаль’, ‘Хүн ба Нийгэм’  хичээлд интеграци байдлаар тусган оруулах болсон. Энэ хугацаанд эрүүл мэндийн хичээлийг голд нь тасалсан удаа байхгүй ч, өөр мэргэжлийн бус багш нар орж байсан удаатай гэв. Биеийн тамирын багш, хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээлийн агуулгыг бүрэн хүргэж чадах уу? Бас л эргэлзээтэй асуудал. Тэгвэл өнөөдөр /2017.12.11/  эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв /НЭМҮТ/,НҮБ-ын хүүхдийн сангаас Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтын хүрээнд эрүүл мэндийн хичээлийг 2018 оноос эхлэн интеграци аргаар биш, тусад нь бие даасан хичээл хэлбэрээр оруулахаар болсныг мэдэгдлээ. Интеграци аргаар хичээлүүдийг нэгтгэж оруулсан нь эрүүл мэндийн хичээлийн ач холбогдлыг асар бууруулсан, үндэслэл муутай оновчгүй хувилбар болсон гэж тэд хэлж байв.

Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд үр хөндөлтийн 18316  тохиолдол  бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байна. Бэлгийн замаар халдах халдварт өвчнөөр өвчлөгсдийн 11.9 хувь нь  15-19 насных, 29.3  хувь нь 20-24 насныхан эзэлж байгаа юм. Эдгээр тоо баримт нь өсвөр насныхан  нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх боловсрол, мэдээлэл дутмаг байгаа гэдгийг харуулж байна.

2018 оноос эрүүл мэндийн хичээлийг бие даасан хэлбэрээр оруулна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа “Ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг бие даасан хэлбэрээр оруулах талаар хамтрагч талуудын нөлөөллийн уулзалтыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хэлбэрээр оруулахдаа арга зүйг нь эзэмшсэн эрүүл мэндийн хичээлийг заах мэргэжлийн багш нарыг ажиллуулах шаардлагатай. Өсвөр үеийнхэн болон залуус эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг сонсоод л өнгөрдөг. Мэдлэгээ үйлдэл болгохыг хичээхгүй байна. Энэхүү мэдлэгээ дадал болгоход ЕБС-ийн хичээлийн эрүүл мэндийн хөтөлбөрөөр дамжуулж олгох нь илүү үр дүнтэй гэдгийг судалгаа баримтууд харуулж байна. Иймээс 2018 оноос эрүүл мэндийн хичээлийг бие даасан  хэлбэрээр оруулна.  Өмнө нь хичээлийн хөтөлбөрүүд хүүхдийн мэдлэгт суурилж заадаг байсан бол хичээлийн шинэ хөтөлбөрөөр дадал хандлагад суурилн гэлээ. Тухайн есдүгээр ангийн хүүхэд ямар мэдлэг дадал эзэмшсэн байх ёстой юм бэ? Энэхүү мэдлэгээ найз нөхдөдөө түгээх чадварыг эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Мөн өсвөр насныхны дунд амиа хорлолт, архи тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгаа учраас эрүүл мэндийн хичээлийн хажуугаар сэтгэц засал орно” гэв.

Хичээлийг интеграци байдлаар орохоор өртөг мөнгө өндөр байдаг

НҮБ-ийн хүүхдийн сангийн өсвөр үеийн ХДХВ, ДОХ-ын асуудал  хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Болорчимэг ‘Өнөөдрийн уулзалт маш чухал ач холбогдолтой юм. Хүмүүсийн хүсч байсанчлан эрүүл мэндийн боловсролыг тусдаа  бие даасан хэлбэрээр цаашид авч явахаар болсонд таатай байна. Хүүхдийн сангийн хувьд эрүүл мэндийн хичээл нь биеэ даасан байх нь зөв гэж бодож байгаа.  Магадгүй шаардлагатай бусад сэдвүүдийн хичээлийг интеграци хэлбэрээр оруулж болох юм. Гэхдээ хамгийн гол чухал нөхөн үржихүйн боловсрол, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх асуудлыг тусад нь авч явахаас өөр аргагүй. 2014 онд эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграци байдлаар орох шийдвэр гарсан. Интеграци байдлаар орохоор бусад хичээлийн бүх багш нарыг нэмэлтээр сургах шаардлага гарж байгаа юм. Гэхдээ нэмэлтээр сургах нь өртөг мөнгө, цаг хугацаа зарсан асуудал. Тийм болохоор эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл хэлбэрээр авч явах санал гаргасан” гэж байлаа.

Эрүүл мэндийн хичээлийн гол сэдэв нь өсвөр насныхны бэлгийн чиг хандлага, амьдрал юм. Тийм учраас өсвөр насныхан болон залуус бэлгийн боловсролтой байх хэрэгтэй. Гэвч Монгол Улсад бэлгийн боловсролын талаар хаалттай хориотой сэдэв мэт байдаг шүү дээ. Илүү нээлттэй, илүү мэдлэгтэй байж өнөөдөр өөрийнхөө эрүүл мэндээ хамгаалж чадна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж