“Москва-2010”, “Стамбул-2011” ДАШТ-ий аварга, “Хернинг-2009”, “Лас Вегас-2015”-ын хүрэл медальт, 2010, 2011 оны Дэлхийн цомын аварга, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Оросын зургаан удаагийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин, Якутын нэрт бөх Виктор Лебедев өнгөрсөн хавар зодог тайлахаар шийдсэн билээ. Тэгвэл түүний зодог тайлах ёслол Якутын “Триумф” спорт ордонд ёслол төгөлдөр болжээ. Лебедевийн гэр бүл, найз нөхөд, дотны нөхдүүд, бөхөд хайртай Якутын ард түмэн түүний зодог тайлах ёслолд нь оролцсон юм.
Түүнтэй нэгэн үед мөр зэрэгцэн хүч үзэж явсан “Афин-2004” олимпийн наадам болон дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов, дэлхийн болон Европын гурван удаагийн аварга Денис Царгуш, 2003 оны дэлхийн аварга Ирбек Фарниев, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Анзор Болтукаев, ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт Болгарын Радослав Великов, “Лондон-2012” олимпийн наадмын сонгомол бөхийн аварга Алан Хугаев тэргүүтэй найз нөхөд нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв. Якутын Ерөнхий сайдын орлогч Михаил Гуляев Якутын 385 жилийн ойн медалиар шагнасан. Түүнчлэн Оросын бөхийн спортыг дэмждэг “Алроса” компаниас 68 каратын очир алмаазыг түүнд бэлэглэжээ.
Эх сурвалж: МЧБХ