Өнгөрсөн хугацаанд 36 мянган иргэн хэлмэгдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн хугацаанд 36 мянган иргэн хэлмэгдсэн гэв

Өнгөрсөн хугацаанд 36 мянган иргэн хэлмэгдсэн гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. 

Ингээд хуралдааны талаарх мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Я.Санжмятав нар өгөв. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-1937 оны коммунист хэлмэгдүүлэлтээс хойш 80 жил өнгөрсөн байна. Үүнээс хойш Монгол Улсад үүссэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэрүүдийг АН-ын бүлэг нухацтай ярилаа. Хамгийн гол нь хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ямар хохирол амссан бэ гэдгийг нийгэмд мэдээлэх шаардлагатай. Эсэргүү гэж хэлэгдэж байсан иргэдийн ар гэр, үүр хүүхэд ядуу амьдарч ирсэн. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 20 хувь нь буудуулж, цаазаар авхуулсан. Энэ бол дэлхий дээрх хамгийн том хэлмэгдүүлэлт юм. Тиймээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав хуулийн төсвийг санаачлан оруулсан. МАН-ынхан дэмжих байх гэж найдаж байна. Тэдэнд өгч буй нэг сая төгрөг бол хэлмэгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн мөнгө болохоос нөхөн олговор биш.  Тиймээс энэ асуудлыг УИХ нухацтай авч хэлэлцэх ёстой. 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-1922 оноос хойш 36 мянга орчим иргэн хэлмэгдсэн гэсэн тооцоолол бий. Эдгээрийн 28260 нь цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн тухай хуулийн хүрээнд 19 тэрбум төгрөг нөхөн олговорт зарцуулсан. Энэ бол бидний эцэг эхээс хурааж авсан мөнгө, шоронд нас барсан, амь насаа алдсан хохирлын дэргэд юу ч биш юм. Хэлмэгдлийн дараа үр хүүхдийг нь маш их гадуурхаж, сургуульд ч сургадаггүй байсан. Би энэ хуулийг яагаад санаачилсан бэ гэхээр 2011 оноос хойш нэг ч өргөдөл хүлээж аваагүй, хуулийн хугацаа нь дуусгавар болсон байдаг. Тиймээс хууль батлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд өргөдөл авч дуусгахаар төлөвлөж байна. Үүний дараа цагаатгах ажлыг хоёр жилийн хугацаанд хийж дуусгана. Үндсэндээ дөрвөн жилийн хугацаанд хууль хэрэгжинэ. 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж