Согтуу жолоочоос өмчөө хамгаалъя

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Согтуу жолоочоос өмчөө хамгаалъя

Согтуу жолоочоос өмчөө хамгаалъя

Хан-Уул дүүрэг, Яармагийн замд гарсан осол

Хайс мөргөж, гэрлийн шон дайрч машиныхаа хамрыг чихсэн энэ зураглал бол Яармагийн замд өнгөрсөн долоо хоногт гарсан осол юм. Осолдсон машины жолооч хурд хэтрүүлсэн мөртлөө анхаарал болгоомжгүй явснаас замын хажуу талын дөрвөн хайс, гэрлийн шонгийн хамт дайрсан нь энэ. Золоор хүний амь эрсдээгүй өнгөрчээ. Яармагийн буюу “Наадамчдын зам” нь улсын чанартай нэгдүгээр зэрэглэлийн зам учир хурд сааруулагч тавьдаггүй аж. Гэтэл уг замыг жолооч нар хурдны зам мэтээр эндүүрэн хурд хэтрүүлж, давхин явган зорчигч дайрах төдийгүй нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг эвдэлж сүйтгэсээр байна. 

Яг үүн шиг замын хажуугийн, эгнээ тусгаарласан хайс, хашлагыг дайрч, гэрлийн шон мөргөсөн осол нийслэлд өдөр тутам гардаг байна.

Нийслэл хотод 90138 метр хайс, 11823 ширхэг гэрэлтүүлгийн шон байдаг гэсэн судалгаа бий. Гэтэл сард дунджаар 70-100 метр хайс тоноглолын хамт, 1-3 гэрлийн шон, 2-5 ширхэг замын тэмдэг дайрагддаг байна. Түүгээр зогсохгүй сүүлийн үед гүүр мөргөх үзэгдэл цөөнгүй гарсаар буй юм.

Тухайлбал, ”Сонсголон”-гийн гүүрэн дээр том оврын ачааны автомашины тормос бариагүйгээс гүүрний хаалт дайрч, тэр чигтээ унасан, автобус гүүрний хаалт мөргөсөн зэрэг томоохон ослууд ердөө сар хүрэхгүй хугацаанд нэг газар болж өнгөрсөн.

“Энхтайваны гүүр”-ийг ч бартаа тойрсонгүй. Өнгөрсөн оны сүүлээр буюу арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө “Ниссан экстрайл” маркийн машинаар Энхтайваны гүүрний хашлагыг мөргөж, явган хүний зам дээрх гэрлийн шонг унагаад зугтсан. Хамгийн сүүлд, энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр “Субару” маркийн автомашин гүүрний хаалтыг мөргөн сүйтгэсэн ч одоог хүртэл гүүрийг засч, янзлаагүй л байна.

"Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Хэвлэлийн ажилтан Э.Аззаяа

Хотын төвөөс гадна Богд уулын арын зам, Гачууртын зам, зуслан чиглэлийн замуудад гэрлийн шон, хайс хашлага дайрч, эвдэлсэн осол бишгүй их. Ослыг ихэвчлэн согтуу жолооч гаргаж, нийтийн өмчийг эвдэж, хэмхлэн хэргийн газраас зугтдагийг ‘Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Хэвлэлийн ажилтан Э.Аззаяа ярилаа. Түүний хэлснээр, хотын захын замуудад замын цагдаа болон камер цөөхөн бараг байхгүйтэй адил аж. Тиймээс хэргийн газраас зугтсан этгээдүүдийг олж тогтоогоод араас нь нэхэн хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй гэнэ.

Осол гаргаж нийтийн өмчийг сүйтгэсэн мөртлөө одоог хүртэл эвдэлсэн хайс, хашлага, гэрэлтүүлгийг засварлаж, шинэчлэхэд шаардагдсан төлбөрийг нөхөн барагдуулаагүй хэд хэдэн тохиолдол байгаа юм.

Үүнд,

  • 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 12 метр эгнээ тусгаарлах өндөр хайс дайрсан жолооч хохирлыг барагдуулаагүй,  

  • 2017 оны зургадугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, “Сүлжмэл”-ийн үйлдвэрийн автобусны буудлын 12 метр эгнээ тусгаарлах намхан хайс мөргөсөн жолооч хохирлыг барагдуулаагүй,

  • 2017 оны зургадугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг 13 дугаар хороололд 4.5 метр явган хүний замыг тусгаарласан хайсыг дайрч, эвдэлсэн жолооч хохирлыг барагдуулаагүй,

  • 2017 оны есдүгээр сарын 01-ний өдөр “Бөхийн өргөө”-ний зүүн талд зургаан метр явган хүний зам тусгаарласан хайс дайрсан жолооч хохирлыг барагдуулаагүй,

  • 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр “Нарны гүүр”-ний гурван метр эгнээ тусгаарлах өндөр хайсыг дайрч, эвдэлсэн этгээд хохирлыг барагдуулаагүй,

  • 2017 оны есдүгээр сарын 26-ны өдөр Богд уулын арын замд  найман метр туузан хайс дайрсан жолооч  эвдэрсэн хайсыг шинэчлэх мөнгийг гаргаагүй,

  • 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр “Сонсголон”-гийн замд  найман метр туузан хайс дайрсан жолооч  ослын газраас зугтааж, хохирлыг барагдуулаагүй,

  • 2016 оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө буюу жил орчмын өмнө “Энхтайван”-ы гүүрний  хашлагыг мөргөсөн согтуу жолооч хэрэг хүлээх чадваргүй гэдэг нь тогтоогджээ. Тиймээс тухайн жолооч одоо хүртэл машинаараа мөргөж, сүйтгэсэн гүүрний хашлагыг шинэчлэхэд зарцуулсан мөнгийг төлөөгүй байна.

Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал

Осол гаргасан жолооч эвдэж, сүйтгэсэн замын хайс, хашлага, гэрлийн шон, замын боржуур, гэрлэн дохио зэргээ шинэчилж, засварлах мөнгийг гаргах үүрэгтэй ч, бодитоор хэрэгжихгүй тохиолдол байна. Үүнээс гадна Зөрчлийн тухай хуульд зааснаар нийтийн өмчийг машинаараа мөргөж, сүйтгэсэн этгээдийг 100-1.5 сая хүртэлх төгрөгөөр торгон жолоочийн онооноос нь тавыг хасдаг аж. Энэ тухай Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал “Хэргийн газрын үзлэг хийгээд хохирлын хэмжээг тогтоон осол гаргасан жолоочид төлөх шаардлага тавин бичиг баримтыг нь хураан авдаг. Нөхөн төлбөр барагдсан тохиолдолд нийтийн өмч нөхөн төлөгдөн улсад хохиролгүй болсон гэх албан бичгийг манайд “Улаанбаатар зам засвар,арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас ирүүлдэг. Энэхүү албан бичиг дээр үндэслэн тухайн жолоочийн бичиг баримтыг эргүүлэн өгнө. Жолооч нарын гаргах ослоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийтийн эзэмшлийн хайс, хашлагыг зөөж, засах зэрэг зөрчил гаргадаг” хэмээн тайлбарлалаа.

Хоттой ойрхон өвөлждөг малчид замын хайс хулгайлдаг гэв

Жолооч нар хайс мөргөж, эвдэхээс гадна хулгайлах тохиолдол ч гардгийг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээлэв. Тухайлбал,

  • Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо олны нэрлэж заншсанаар “Энхбаярын зам”-д өнгөрсөн наймдугаар сарын эхээр тавьсан дөрвөн метрийн урттай туузан хайс сарын дараа хулгайд алдагджээ. Гэвч одоог хүртэл хулгайч нь тогтоогдоогүй.

  • “Баянзүрх” хүнсний захын эгнээ тусгаарлах намхан найман ширхэг хайс ширхэг алга болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, туслах замын эгнээ тусгаарласан хайсан хашааг хоттой ойр малчид ихээр хулгайлдаг байна.

Харин нийтийн өмчийг ингэж олноор сүйтгэж, мөргөсөн осол нь зөвхөн жолоочийн “хариуцлага”-тай  холбоотойг замын цагдаа хэлэв. Өнгөрсөн хугацаанд гарсан зам тээврийн ослыг судлахад, жолоочийн буруутай үйлдлээс 81.1 хувь, маш бага буюу 0.3 хувь нь замын нөхцөлөөс шалтгаалдаг гэжээ.

 Гарсан ослын шалтгаан нь,

  • Авто машиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй,

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн,

  • Хурд хэтрүүлсэн,

  • Нойр дутуу аль эсвэл хэт ядарсан үедээ авто машин барьсан,

  • Гар утсаар ярьж анхаарлаа сарниулсан зэргээс болдог байна.

Жолоочийн эдгээр хариуцлагагүй үйлдлээс болж эвдэрч, хэмхэрсэн “төмрүүдийг” “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын замчин, цахилгаанчин, тэмдэгчин, гагнуурчин, жолооч зэрэг хүмүүсээс бүрдсэн Шуурхай бригад 24 цагаар ажиллаж, засч хэвийн байдалд нь оруулдаг аж. Хэрвээ энэ мэт гэмтлийг яаралтай засварладаг мэргэжлийн байгууллага байдаггүй бол хот долоохон хоногийн дотор эвдэрхий төмрөөр дүүрэх эрсдэлтэй гэнэ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж