Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2017.12.11-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Бүүр багад миний эмээ “Төрийн сүлд өршөө!” гээд сүүгээ өргөдөг байсан. Тэр үед эмээ ямар гэм хийсэн юм болоо гэж дотроо боддог байж билээ. Балчир цагаас өнөөг хүрэх замд бусдыг дагаад буруу ярьж бойтоглож байснаа сая л ухаарлаа. Өршөөх гэдэг “гэм зэмийг уучилж хэлтрүүлэх, зовж зүдэрсэн хүнд туслах, аварч энэрэх, өршөөж хайрлах” гэсэн утгатай юм байна. Тэгэхээр багын бодол зөв байж таарах нь ээ. Үүнийг баталж “Монгол хэлний их тайлбар толь”-д өршөөн хэлтрүүлэх-алдаа дутагдал, ял зэмийг нэхэн хэлэлцэлгүй уучлах, соёрхон өршөөх-өршөөл соёрхох, нигүүлсэн өршөөх-алдаа дутагдлыг нь хэлтрүүлэн, тусалж дэмжих, өршөөж хайрлах-хайрлан энэрч туслах гэж жишээлсэн байна даа. Ийм болохоор төрдөө тэрсэлж, түмэндээ муу санасан нөхөд өршөөл, нигүүлсэл хүсэж “Төрийн сүлд миний гэмийг өршөө!” гэвэл зохино. Харин гэм хийгээгүй бол “Төрийн сүлд ивээ!” гэх нь зохилтой санагдана. Яагаад гэвэл сүлд гэж үгийн өвөг хэлбэр нь “сүр жавхлан” гэдэг утгатай сүлдэр хэмээх  үг. Ухаандаа “Төр минь, сүлд жавхлангаасаа хайрлаач!” маягийн болж байна гэсэн үг…

…Заа, ингээд цаашлахаар буруу тогтож, буйраа зассан үг хэллэгүүдийг бушуухан цэгцэлмээр болно доо. Жишээ нь “өмнөтгөл” гэдэг үг байна. Аливаа ном бүтээлийн зохиогч, ариутган шүүгч нь уншигчдаа зориулан ямар учиртай, яасан ийсэн бүтээл болохоо товч, тодорхой дурдсан бэсрэг өгүүллэг бичдэг. Үүнийг монгол хэлнээ  “удиртгал”, “оршил” хэмээнэ. Харин “удирд-” гэсэн үйл язгуураас үүсэлтэй “удиртгал”-ыг дуурайгаад “өмнө-” хэмээх тэмдэг нэр өөрөөсөө “өмнөтгөл” гэдэг үг зохиогоод, ном зохиолын нүүр хавиар залраад байгаа. Хожмын нэг өдөр “хойд”, “урд”, “дунд” гурваас төрсөн “хойдотгол, урдатгал, дундатгал”-ууд “өмнөтгөл”-тэй барьцаж магадгүй л юм.

Энэ мэт буруу тогтоод байгаа үг хэллэгийг бушуухан залруулъя аа!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Түмэн олон минь төрийнхөө сүлднээс өршөөл биш ивээл хүсэх болтугай!” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж