“Токио-2020” зуны олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой зохион байгуулагдаж буй “Капитрон банкны нэрэмжит Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн” энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, шилдгүүдээ тодруулна.
Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй 5 жинд 31 тамирчин, эрэгтэй 7 жинд 47 тамирчин оролцож байгаа бөгөөд тамирчид 3 минутаар 3 үе тулалдаж, AIBA буюу Олон Улсын боксын холбооны дүрмийн дагуу өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцох тамирчдын насны хувьд 1977 оны 1-р сарын 1-ээс 1998 оны 12-р сарын 31-ний хооронд төрсөн 19-40 насны тамирчид байх юм. Өөрөөр хэлбэл, Монгол улсын нэр хүндийг өндөрт гаргаж яваа туршлагатай тамирчид болон өсөх ирээдүйтэй залуу тамирчдын дунд тулаан өрнөж байгаагаараа онцлогтой юм.
Өнөөдөр буюу 12-р сарын 9-ний 14.00 цагаас “Хагас шигшээ тулаан”, маргааш өдөр 12-р сарын 10-ны 14.00 цагаас “Шигшээ тулаан” эхлэх тул Спортын төв ордны “А” зааланд болох шилдэг боксчдын гал гарсан тулаануудыг Үнэ төлбөргүй ирж үзэхийг урьж байна.
Мөн энэхүү тэмцээнийг “Эх Орон” ТВ-ээр шууд дамжуулан үзүүлэх тул та телевизээр болон EkhoronHDTV/ фэйсбүүк хуудсаар үзэх боломжтой.