Ой тогтоолтоор дэлхийд гайхагдаж буй Монголчууд

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтоор дэлхийд гайхагдаж буй Монголчууд

Ой тогтоолтоор дэлхийд гайхагдаж буй Монголчууд

Цээж бодолт, ой тогтоолт, цифр тогтоох, хөзөр болон нэр, зүс царай цээжлэх зэрэг олон дасгалуудыг багтаасан ой тогтоолтын дэлхийн чансааг монголчууд жил бүр шинэчлэн тогтоож байна. Энэхүү амжилтууд энэ оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сард хоёр ч удаа дэлхийд бүртгэгдлээ. Тэдний зарим онцгой амжилтууд Геннисийн номд ч бичигдэхээр болсныг өнгөрөгч долоо хоногт болсон тэмцээнүүд харуулсан юм.

Б.Янжиндулам

Монгол хүний оюун ухаан дэлхийд гайхагдаж буйн тод жишээ бол Б.Янжиндулам буюу Янжаа билээ. “Авьяаслаг шведүүд” шоунаас “Алтан баззер” хүртэж, шоуны финалд шалгарахдаа үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, нэрийг нь алдалгүй тааж олныг алмайруулж байсан. Тэрбээр энэ жилийн ой тогтоолтын дэлхийн аваргад эх орныхоо нэрийн өмнөөс оролцож, үнэмлэхүй ялалтуудыг байгуулсан. Түүн шиг оюун ухаанаараа дэлхийд гайхагдаж буй хүмүүс олон бий.

ЧАНСАА ӨНДӨР ТАМИРЧИД БОЛОН ДЭЛХИЙН АВАРГУУД БАГТСАН ТЭМЦЭЭНД Н.МӨНХШҮР ТҮРҮҮЛЭВ

100 мянган ам.долларын шагналын сантай оюун ухааны тэмцээний ялагч Б.Мөнхшүр /БНХАУ-ын Шэньжэнь,2017.12.08/

Индонез улсын Жакарта хотноо арванхоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 21 орны оюун ухааны тамирчдыг Монголын баг тэргүүлсэн. Ой тогтоолтын 10 төрлөөр болдог тус тэмцээний боломжит 90 медалиас Монгол Улсын баг тамирчид 57-ийг нь хүртэж, дэлхийн орнуудыг манлайлсан юм. Энэхүү тэмцээнд өсвөрийн тамирчдын амжилт гайхалтай байсныг олон улсын хэвлэл мэдээлэл одоо ч бичсээр байдаг.

Цээж бодолт, ой тогтоолт, тааварт бодлого, хурдан уншлага, цифр тогтоох, хөзөр болон нэр, зүс царай цээжлэх зэрэг олон дасгалуудыг монголчууд амжилттай гүйцэтгэж эхэллээ. Хамгийн сүүлийн тэмцээн бол өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон олон улсын ой тогтоолтын тэмцээн байсан. Энэхүү тэмцээн дэлхийн аваргын дараа болж буй чансаа өндөр, шагналын сан 100 мянган ам.долларт багтсанаараа олон улсын анхааралд өртөж байсан юм. Шэньжэньд зөвхөн чансаа өндөр тамирчид болон дэлхийн аваргууд очсон. Тэдний дунд оюун ухааны их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нарын шилдэг тамирчид эх орноо төлөөлөн оролцсон юм. Уг тэмцээнд оюун ухааны дэлхийн мастерууд Хятадын 60 мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний эцсийн дүн гарахад насанд хүрэгчдийн ангилалд Э.Мөнхшүр тэргүүлж, 320 оролцогчийг тэргүүлсэн юм. Мөн бусад оролцогчид ч олон даалгаваруудыг амжилттай гүйцэтгэж, зарим гүйцэтгэлүүд олны анхааралд байсныг олон улсад онцолж эхэлжээ.

100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд оролцсон Монголын оролцогчид

Х.ХАТАНБААТАР ХУУЛИЙН ЗУЗААН НОМЫГ СУДЛАХЫН ТУЛД ОЮУН УХААНЫ СПОРТЫГ СУДАЛЖЭЭ

Дэлхийд ой тогтоолтоороо манлайлж буй энэ үед нэг хүнийг онцлох нь зүйн хэрэг билээ. Туркэд суралцаж байхдаа оюун ухааны спортыг сонирхон хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон эрхэм бол Х.Хатанбаатар юм. Хуулийн зузаан номыг хурдан уншиж, тогтоон боловсруулж хэрэглэх болсон энэ үедээ тэрбээр оюун ухааны спортыг шимтэн судалжээ. Удалгүй олон улсын тэмцээнд оролцож, чамгүй амжилт үзүүлсэн тэрбээр Анкарагийн их сургуулийг дүүргэсэний дараа монголдоо ирэн энэхүү спортыг хөгжүүлэх эхлэлийг тавьсан. Өдгөө тэрбээр Монголын оюун ухааны академийн захиралын албыг хашиж, олон улсын анхааралд хэдийнэ өртөж эхэлсэн. Зарим орон түүний туршлагыг судалж, мөн нутагтаа ажиллуулах санал ч тавьсан. Өдгөө түүний шавь нар олон улсад эх орныхоо нэрийг гаргаж, амжилтаа ахиулсаар байна.

Их сургуулийн хичээлдээ муудсан нэгэн оюутан оюун ухааны спортыг сонирхон хичээллэж, удалгүй “А” үнэлгээтэй суралцаж төгссөн жишээ олон бий.

‘Ой санамж бидний алхам тутамд хэрэг болдог. Гэтэл ой санамжтай холбоотой бэрхшээл маш их байдаг. Жишээ нь, уншсан зүйлээ мартах, танилцсан хүнийхээ нэр, барьж байсан зүйлээ хаана орхисноо мартах зэрэг зүйл бидний амьдралд элбэг тохиолддог. Энэ байдлаас хүн гарах ёстой. Өдөр тутам уураг тархиа хөгжүүлэх дасгал хийх хэрэгтэй. Зөвлөхөд хамгийн энгийн арга нь хүн өдөрт хамгийн багадаа 30 минут ном унших ёстой. Мэдлэг олж авахын тулд ном уншиж байгаа хүний уураг тархи маш сайн ажиллана гэж үздэг. Мөн оюун ухаан хөгжүүлэх тоглоом болох шатар, даам хааяа тоглох, үгийн сүлжээ, судокуг бөглөх, цаашлаад ой тогтоолтын арга техникт суралцаж байгаа бол үүнтэй холбоотой өдөр тутам хэдэн минут дасгал хийх нь оюуны хөгжлийг нэмэгдүүлдэг. ‘ гэж Х.Хатанбаатар багш нэгэн ярилцлагандаа өгүүлсэн байдаг.

Монголын оюун ухааны академийн захирал, ой тогтоолтын олон улсын II зэргийн шүүгч Х.Хатанбаатар

 

Монголын оюун ухааны академийн захирал, ой тогтоолтын олон улсын II зэргийн шүүгч Х.Хатанбаатар

Х.Хатанбаатарын гараас олон шавь төрсөн бөгөөд тэд ази, дэлхийн аваргууд болсон юм.

 

Дэлхийн чансааны топ аравт бичигдэж эхэлсэн ихэр Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар. Тэд өдгөө БНХАУ-д суралцаж байгаа бөгөөд Н.Мөнхшүр нь 100 мянган ам.долларын шагналын сантай дэлхийн шилдгүүд оролцсон тэмцээнд түрүүлсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж