Монголын ордуудын үнэлгээ биржүүдэд буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Монголын ордуудын үнэлгээ биржүүдэд буурчээ

Наймдугаар сарын 5-ны өдөр дэлхий даяар хувьцааны үнэ огцом унаж, хөрөнгө оруулагчид нэлээд санaдарсан явдал ажиглагдлаа. Пүрэв гаригт АНУ-д хөрөнгө оруулагчид мөнгөө татаж эхэлсэн явдал нь дэлхийн эдийн засгийн байдал дордоно хэмээн олон нийт эмээхэд хүргэсэн юм.

Баасан гаригт Азийн индексүүд дунджаар 3.4 хувиар буурсан байна. Ерөнхийдөө 2008 оны эдийн засгийн хямралаас сэргээд удаагүй байтал ийнхүү АНУ, Европын орнуудын өрийн асуудал, эдийн засгийн тааруу үзүүлэлтүүд хүмүүсийн хувьцаанд хөрөнгөө оруулах итгэл алдахад хүргэв. Хар пүрэв гаригт АНУ-ын Доу Жонес индекс 500 пүнктээр унаж, 2008 оны хямралаас хойш ганц өдрийн дотор хамгийн ихээр  буурсан үзүүлэлттэй гарсан юм.  Түүнчлэн Европын хувьцаанууд унасаар тэрхүү  давлагаа Баасан гаригт Ази тивд нөлөөлж,  Австралийн S&P200 индекс 7.2 хувь , Солонгосын Коспи 8.9 хувиар, Японы Никкэй 5.4 хувь тус бүр буурав.

Энэ нь түүхий эдийн цаашдын эрэлт хэрэгцээ эргэлзээтэй болгон улмаар уул уурхай, эрчим хүчийн салбарын компаниудын хувьцаанд сөргөөр нөлөөллөө. БиЭйчПи Биллитон 4.8 хувиар буурч, Рио Тинто-ийн үнэт цаас  6 хувь унажээ.
Харин Монголын уул уурхайн компаниудын тухайд MICC-аас гаргадаг Уул Уурхайн индекс Пүрэв гаригт 7 хувь, Баасанд  6 хувь унасан үзүүлэлттэй байна. Харин наймдугаар сарын 8-ны өдөр гэхэд ихэнх хувьцааны үнэ тогтворжиж, ерөнхийдөө уналт, өсөлт бага ажиглагдлаа. Хөрөнгө оруулагчид дэлхий даяар нэлээд сандарч, үнэт цаасны арилжаанаас их хэмжээний мөнгөө татсан тул хувьцааны үнэ огцом унасан нь зарим хөрөнгө оруулагчдад хувьцааг хямд худалдан авах боломжийг нээж байна.

Тухайлбал, “Харанга Ресурc” компанийн хувьцаа А$ 0.2 хүрч IPO (анхдагч зах зээл) үнэ дээр авах боломжтой болсон байна. Монголиан Майнинг (Энержи Ресурс) хувьцаа сүүлийн долоон сар HK$9-оос бууж байгаагуй, харин 8-ны өдрийн байдлаар HK$ 8.72 хүрсэн байна. Зарим  хөрөнгө оруулагчид сандран хувьцаагаа зарж байхад, нөгөө нь хувьцааг хямд байх үед худалдан авч эрсдэлийг даан цаашид ихээхэн ашиг хийх боломж олсоор байна хэмээн MICC-ийн зах зээлийн судалгаанд дурджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж