Амралтын хоёр өдөр МАХН хоёр тусдаа Их хурлаа хийв.
МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон О.Баасанхүү тэргүүтэй тус намын гишүүд Бямба гаригт /2017.12.09/ Төрийн ордонд Их хурлаа хийж, намын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг намын даргаар сонгов.
Энэ хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар оролцсон. Удаах өдөр буюу Ням гаригт /2017.12.10/ Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд ‘Аса’ циркт Их хурлаа зохион байгуулав. Ингэхдээ О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал хүчингүй, хууль бус хэмээлээ. Энэ хуралд ч МАХН-ын дэд дарга С.Ганбаатар оролцсон юм. Сүүлийн хэдэн сар МАХН-ын гишүүд О.Баасанхүүг Гүйцэтгэх товчооноос хасч, Бага хурлын гишүүн болгосон, намаасаа хөөнө гэх мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнийг нь үгүйсгэн, намын удирдлагуудаа шүүмжилж, сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээ гэх мэт хариуг нь өгсөөр ийнхүү хоёр талд хурлаа хийв.
Чухам энэ хоёр хурлын аль нь хүчин төгөлдөр вэ гэдэг ойлгомжгүй, аль аль нь бие биенээ үгүйсгэж байна. Тиймээс хуулийн байгууллага эсвэл өөр бусад хүмүүс нь энэ асуудалд цэг тавих биз ээ.
Монгол Ардын хувьсгалт нам байгуулагдаад таван жил болж буй. Анх 2012 онд МАХН гэх нэрээ албажуулж, намын даргаар нь Н.Энхбаяр томилогдсон. Бараг 100 жилийн түүхтэй МАХН-ыг хоёр хувааж, Н.Энхбаяр гэх хүн багаа бүрдүүлж эхэлсэн. Гэхдээ энэ намыг өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 24 намаасаа ялгах, нам гэж хэлэхэд хүндрэлтэй олон зүйл бий. Тухайлбал, намын дарга нь ямар ч сонгуульд ялагдсан ч хариуцлага хүлээдэггүй, улс төрд онцгой үүрэггүй ч оршин тогтносоор буй. МАХН гэх нам байсаар байгаагийн гол зүйл нь Н.Энхбаяр гэж ярих хүмүүс бий.
МАХН оршин байгаа гол зүйл нь МАН, АН-ын нэр хүнд унаж, сонгогчид энэ хоёр нам л биш бол гэсэн хүлээттэй байгаагийн хамгийн том жишээ болов уу. 2016 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын хэдэн хувь нь цагаан сонголт хийснийг ч энэ бүхэн гэрчилнэ. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намуудыг хариуцлагатай болгох асуудлыг хөндөх цаг нэгэнт болсныг зарим судлаач хэлдэг.
Монгол Улсын төрийн бодлого УИХ-д суудалтай намуудаас шалтгаалж байгаа энэ цаг үед МАН, АН, МАХН болон бусад 21 намыг хариуцлагатай болгохгүй бол хэн дуртай нь нам байгуулж, намыг “устгаж”, нам бол эрх мэдэл гэж харсаар байгаа цагт төрийн бодлого зөв яваа гэхэд итгэмээргүй санагдах. Ямартай ч МАХН гэх “сураггүй” нам хоёр даргатай болчихлоо. Жил жилтэй зэрэгцээд хэн нь энэ намын дарга болох, хэн нь хууль бус хурал зохион байгуулав гэдэг анхаарлын төвд байх биз ээ. МАХН бол улс төрийн тавцанд МАН, АН шиг том тоглогч биш, нэг л хүний нам. Харин тэр намыг жинхэнэ гуравдагч хүчин болгох чадал хэнд бий вэ гэдэгт өөр өөрсдөө дүгнэлт хийнэ буй за.
Ш.ЧИМЭГ