Ерөнхий сайд аа, том төслүүд хэзээ гацаанаас гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд аа, том төслүүд хэзээ гацаанаас гарах вэ?

Ерөнхий сайд аа, том төслүүд хэзээ гацаанаас гарах вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд сүүлийн өдрүүдэд утаатай бүс, гурван ээлжээр хичээллэдэг сургуульд очиж ажиллав. Ингэхдээ утаатай бүх нийтээрээ тэмцэж, гурван ээлжээр хичээллэдэг сурагчдыг ирэх жил гэхэд хоёр ээлжээр хичээллэдэг болгох үүргийг холбогдох сайд нарт нь өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрыг толгойлж байгаа хүний хувьд энэ улсад хаана болохгүй, шийдвэрлэвэл зохих зүйлсийг шийдэж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах асуудлыг төрийн бодлогодоо тусгаж ажиллах нь таны үндсэн үүрэг. Гэвч Монгол Улсын Засгийн газар байгаль орчин, уул уурхай, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, гадаад бодлого гээд тус тусдаа бодлого хэрэгжүүлэгч яам, түүний харьяа агентлаг бүхий нүсэр бүтэцтэй. Угтаа бол утааг Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд  болон бусад холбогдох яамд шийдэх учиртай. Ерөнхий сайд утаатай бүсэд ажилласан гээд утаа арилахгүй, гурван ээлжээр хичээллэдэг сургууль дээр очиж ажиллалаа гээд асуудал шууд шийдэгдчихгүй. Тиймээс Ерөнхий сайд аа, ажиллах чиг үүрэг нь тодорхой, зохион байгуулалт, ямар арга хэмжээ авах нь тодорхой учраас сайд нараа өөр өөрсдөд ногдсон, хариуцсан салбараа хөгжүүлэхийг үүрэг болго, даалга. Харин түүний оронд том төслүүдээ хэрхэн хөдөлгөх, Монгол Улс гадны орнуудаас зээл авч, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явсаар ирээдүйд Монгол Улс хэрхэх вэ гэдэг том эрх ашгаа, том зургаа гаргана уу.

Таныг Ерөнхий сайд байх хугацаанд Монгол Улсын эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх, хэдэн ажлын байр бий болгох, хаалгаа хаасан хэдэн аж ахуй нэгж үүдээ нээх, уул уурхай болон бусад салбарт ямар том төслүүдийг эхлүүлэх, зогссон байгааг нь хөдөлгөх вэ гэдэг асуудлын шийдлээ хайна уу.

Шинэ Засгийн газар бүрдээд хоёр сар ес хонож байна. Энэ хугацаанд шинэ Засгийн газрын шийдсэн ямар асуудлууд үр дүнгээ өгсөн бэ гэдэгт дүгнэлт хийхэд эрт. Гэвч хэзээ гурван ээлжээр хичээллэдэг сурагчдыг хоёр ээлжээр хичээллэж эхлэх, Улаанбаатар хэзээ утаагүй болох, нөхцөл байдал ямар хугацаанд өөрчлөгдөх вэ гэдэгт хариу өгөх хугацаа тань урт биш гэдгийг энд сануулах нь илүүц биз ээ.

Сүүлийн 10 гаруй жил бараг 20 жил бид утаа ярьж буй. Таниас өмнөх Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, сайд нар, УИХ-ын дарга, гишүүд гээд бүгд утаатай бүсэд яг тань шиг очиж үзсэн, газар дээр нь ажиллаж байсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудсаар дүүрэн бий. Гэлээ гээд нийслэлчүүд өнөөдөр утаандаа угаартсан хэвээр л байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн нь та. Энэ зөвлөл дээр Монгол Улс ямар төслүүдээ өнөөдөр, маргааш, ирэх өдрүүдэд хөдөлж, дэлхийн эдийн засгийн тоглогч орон болох вэ, хэзээ бид дэлхийтэй хамтдаа хөгжих вэ? Өр тавьж, өнөөдрөө аргацааж явах нь Ерөнхий сайд нарын үүрэг юм шиг ойлголтыг хэзээ халж, том эрх ашиг, том төслүүдээ хэзээ хөдөлгөх вэ. Дэлхийн эдийн засаг тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн сум дээшээ өгсч байгаа энэ цагт экспортоо нэмэгдүүлэх ямар бодлого хэрэгжүүлэх тань өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр. Ялангуяа  экспортын хамгийн том урд хөршид хэзээ айлчилж, асуудал нэг талдаа гарах вэ. Энэ мэт олон асуулт хариултгүй байсаар дараагийн Засгийн газрын нүүр үзэх вий гэсэн болгоомжлол байгаагаа ч нуух юун.

Монгол Улсын Ерөнхийлөгчдөө гурван удаа хориг тавиулсан У.Хүрэлсүхийн Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх том төслүүдээ хэзээ хөдөлгөж, ажлын байр нэмэгдүүлж, өрөө өрөөр дардаггүй болох вэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж