Монголын эдийн засгийн судсыг тэтгэгч өмнөд хөрш Хятад улстай үл ойлголцох байдалд ороод байсан харилцаа эргэн сэргэснийг БНХАУ-аас Улаанбаатарт суугаа бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминий захидал нотоллоо. Элчин сайд өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт захидлаа зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олонд түгээсэн.
Өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сард Бурхны шашны тэргүүн XIV Далай лам Монголд айлчилсан нь Хятадын зүгээс Монголын талыг буруутгасан албан ёсны мэдэгдэл хийхэд хүргэсэн. Далай ламын энэ айлчлалтай холбоотойгоор төлөвлөгдсөн өндөр болоод дунд түвшний хэд хэдэн Монголын талын айлчлалыг цуцалсныг санаж байгаа байх. Угаасаа Далай ламын айлчлал болгон араасаа ийм зүйл дагуулдаг. Үүнээс монголчуудын ой тоонд үлдсэн нь 1998 оны айлчлалын дараа өмнөд хөрш хилийн боомтуудаа “техникийн шалтгаан”-аар хаасан явдал. Тухайн үед 1000 илүү вагон хил гарч чадахгүй цуваа үүсгэж байсан гэдэг.
Далай ламын айлчлалаас үүдсэн зэмээ арайхийн зөөлрүүлээд байж байтал Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн өмнөд хөршийг дахин болгоомжлоход хүргэсэн. Долдугаар сарын 7-ны өдрийн хоёр дахь шатны санал хураалтаар олонхийн санал аван Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга нь сонгуулийн кампанит ажлын үеэр Монголын эдийн засаг дахь Хятадын үлэмж давуу байдлыг таатай зүйл биш гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан билээ. Мэдээж тусгаар улсын дотоодын сонгуулийн үр дүнг бусад улс орон, тэр тусмаа хөрш орнууд хүлээн зөвшөөрөх нь тодорхой ч долдугаар сараас хойш өмнөд хилээр Хятад руу гаргаж байсан нүүрсний гарах гарцын тоог цөөлсөн, мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын компаниудад ямар ч нэмэлт хөрөнгө оруулалт хийгээгүй зэрэг нь өмнөд хөршийн гадаад бодлогын эдийн засаг дахь сануулга байсан.
Харин энэ бүхэн одоо дуусгавар болсон гэдгийг Элчин сайд Шин Хаймин нотоллоо. Ноён Элчин сайдын захидал өнгөрсөн долоо хоногийн эхээр Хятадад хийсэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын айлчлалыг залгуулан түгээгдлээ. Сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар айлчилсан бөгөөд айлчлалын төгсгөлд хамтарсан Хэвлэлийн мэдээ гаргасан. Ингэж хамтарсан хэвлэлийн мэдээ гаргасан нь өмнөд хөршийн зүгээс үзүүлж буй гүн хүндэтгэл гэдгийг Элчин сайд онцолжээ. “Энэ бол Хятад Улсын гадаад харилцаанд цөөн тохиох үйл явдал юм. Уг хэвлэлийн мэдээ нь Хятадын тал Монгол Улс болоод Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын энэ удаагийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйг бүрэн илэрхийлэхээс гадна Хятадын талын баримталж буй элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлал нь чин сэтгэлийнх болохыг мөн бүрэн илтгэж байна” хэмээн захидалдаа онцолжээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлал нь Монголд шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш хоёр улсын хооронд хийж байгаа анхны өндөр түвшний арга хэмжээ байсан. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын айлчлал нь “Монголын тал бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Түвд, Шинжаан, Тайвань зэрэг Хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Монгол, Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотлов. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ нотлов” хэмээсэн. Мөн “Талууд харилцан бие биедээ итгэж, харилцан сэтгэл тайван байж, хамтран ажиллаж чадвал л цаашдын хамтын ажиллагаа улам хурдан, улам амжилттай болж чадна” гэдгийг Элчин сайд онцолжээ.
Мэдээж нүүрсний экспорттой холбоотойгоор өмнөд хилийн орчим үүсээд байгаа нөхцөл байдал цаашид сайжрах эсэх нь монголчуудын анхаарлын төвд байсан. Энэ асуудлыг шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр долоо хоногийн өмнөхөн УИХ-ын чуулганы танхимд гадаад харилцааны тулгамдсан асуудал болгон тавьж байсан. Энэ асуудлын шийдэл ноён Элчин сайдын захидалд “Нэг анхаарахуйц зүйл нь өнөөгийн Хятад Улс дотооддоо эдийн засгийн бүтцийн гүн гүнзгий өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд нүүрс ган төмрийн үйлдвэрлэлийн илүүдлийг багасгах асар том дарамттай тулгараад байгаа. Ийм нөхцөл байдалд, Хятадын тал Монгол Улсын ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортоо өргөжүүлэх зэрэг тал дээр Монголын талын хүсэл сонирхлыг нааштайгаар бодолцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэсэн томъёоллоор буужээ.
Айлчлалаа өндөрлөж ирээд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мөн хэвлэлийнхэнд зориулан хийсэн мэдээллийнхээ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирэх онд БНХАУ-д айлчлуулах бэлтгэл хийгдэж байгааг хэлжээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувьд бие даасан айлчлал биш Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын арга хэмжээнд оролцох айлчлал байх ажээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминий захидлыг ЭНЭ холбоосоор уншина уу:
Холбоотой мэдээ