Өнгөрч буй долоо хоногт Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад багтаасан, Авлигатай тэмцэх газрын баривчилгаа өрнөсөн, УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй зэрэг олны анхаарал татах үйл явдлууд боллоо. Энэ тухай тоймлон хүргэе.
До.Ганболдыг баривчлав
Авлигатай тэмцэх газар энэ сарын 7-нд “Монросцветмет”-ийн захирал До.Ганболд, мөн Мэргэжлийн хяналтын газрын 10 орчим байцаагчийг баривчлан саатуулсан юм.
“Монросцветмет”-ийн захирал До.Ганболдыг баривчлан саатуулсан шалтгаан нь төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгажээ. Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй аж. Тэднийг одоо цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Ерөнхийлөгчийн хоригийг буцаав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн хуульд зарлагатай холбоотой хэсэгт хориг тавьсан юм.
УИХ хоригийг өнгөрсөн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд 80 гаруй хувийн саналаар “Хүлээн авах боломжгүй” гэж үзлээ.
Ерөнхийлөгч хориг тавих болсон үндэслэлдээ УИХ төсвийн зарлагыг бууруулж, алдагдлыг багасгах боломж байсныг ашиглаагүй. Харин ч зардлыг өсгөж, алдагдлыг өсгөлөө гэж үзсэн юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн тайлбараар бол Ерөнхийлөгч 2018 оны төсөвт хэсэгчилсэн хориг тавихдаа улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрыг ялгаж зааглаагүй, хольж хутгасан. Мөн улсын төсвийн алдагдлыг ирэх онд найман хувьд барихаар заасан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад буурч байгаа. Ерөнхийлөгч хориг тавихдаа зөвхөн нэг намын эрх ашгийг хангах гэсэн улстөржсөн хориг тавьсан гэж үзсэн юм.
УИХ хоригийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргаснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж төсөв бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдээд байна.
Европын холбоо Монголыг хар жагсаалтад багтаав
Европын холбоо 17 орныг “татварын шударга бус тогтолцоотой” орнуудын хар жагсаалтад оруулсны нэгд Монгол Улсын нэр багтав.
Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис евро бүсийн сайд нарын уулзалтын үеэр 17 орныг хар жагсаалтад оруулж, өөр 40 гаруй орныг татварын системдээ реформ хийх хүртэл “саарал” жагсаалтад оруулснаа танилцууллаа.Европын холбоо хар жагсаалтад орсон орнуудад өнгөрсөн жил шахам хугацаанд татварын системээ өөрчлөхийг зөвлөж байсан боловч хамтарч ажиллахаас татгалзсан гэжээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээрх үйл явдалтай холбогдуулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ “2017 оны зургадугаар сараас эхлэн Европын холбоо манай Сангийн яамтай харилцаж эхэлсэн юм билээ. Манай улс нь ил тод байх зарчмыг хууль, тогтоомжид тусгах шаардлагатай гэж тус холбоо үзэж байгаа талаараа өмнө нь ч хэлж байсан. Учир нь Европын холбооноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд Монголын аж ахуйн нэгж, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой гэсэн шаардлага тавих болсон. Тиймээс энэ талын хууль эрх зүйн зохицуулалт хийх ажлыг Сангийн зохион байгуулахаар ажиллаж байна” гэсэн юм.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт энэ сарын 7-8-ний өдрүүдэд болж өнгөрсөн. Тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцсон бөгөөд Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай алхам болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Г.ХОРОЛ