Өвчилсөн малаа нуусан малчдыг торгоно

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Өвчилсөн малаа нуусан малчдыг торгоно

Өвчилсөн малаа нуусан малчдыг торгоно

Сэлэнгэ аймгийн Мандал суманд хөл хорио тогтоогоод нэг сар орчим болж байна.  Өнгөрсөн хугацаанд сумын нийт үхэр, гахай, хонь, ямаа нийлээд 29400 малд шүлхийн эсрэг вакцин хийжээ.

Сүүлийн тав хоног дуудлага ирээгүй тул хөл хорионы 28 хоногийг тоолж эхэлсэн байсан боловч иргэдийн өгсөн эхний мэдээллийн дагуу шалгахад 40 малаас 17 гаруй нь өвчтэй байсан тухай сумын Засаг дарга Н.Лхагвадорж мэдээлэв.  Тэрбээр, өвчин туссан мал эдгэдэггүй ба иргэд өөрсдийн гар дор байх спирт, тариа зэргийг ашиглан малаа эмчлэх гэж оролдох нь ямарч нэмэргүй, өвчнийг далд хэлбэрт нь оруулдаг гурван жил хүртэлхи хугацаанд халдвар тараасаар байдаг гэдгийг онцолсон юм. Тиймээс  өвчтэй малаа нуусан малчдыг торгож, нөхөн олговрыг олгохгүй юм байна.

Одоогоор Мандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин хаанаас гарсан бэ гэдгийг тогтоох шинжилгээний хариу эцэслэн гараагүй аж. Шинжилгээг  ОХУ-руу явуулсан байна. Тус сумын хэмжээний бүх малын эмч нарыг дайчлан 3 групп гарган 78 өрхийн 230 малд үзлэг хийхэд 118 үхэр өвчтэй гарчээ.  Мөн эрүүл үлдсэн малд шалгалт хийж, шинжилгээ авахаар болсноо Н.Лхагвадорж дарга мэдээлэв.

Үүнээс гадна хөл хорио тогтоочоод байхад зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй машин их зорчих болжээ. Хөл хөдөлгөөний тухайд онцгой болон цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд зөрчил гаргасан жолооч нарт Зөрчлийн тухай хуульд зааснаар захиргааны арга хэмжээ авч, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгожээ. Одоогийн байдлаар 26 жолооч торгуулсан байна. Мөн сумын хэмжээнд онцгой, ариутгал, цагдаа гээд зайлшгүй шаардлагатай албаны 40 гаруй автомашин зөвшөөрөлтэй оролцож буй аж.  Хүнд өвчтэй, хүн нас барсан зэрэг зайлшгүй асуудлуудад сумаар зорчих хоёр цагийн зөвшөөрлийг өгөн ажиллаж буй гэлээ. 

 Улсын Онцгой комисс өнгөрсөн баасан гаригт буюу арванхоёрдугаар сарын 08-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ. 

 

  • Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо. /шинэ жил/
  • Ерөнхий боловсролын сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхдэд Зүүнхараа Политехник коллежийн авто машинаар үйлчлэн суралцах боломжийг бүрдүүллээ
  •  Цэцэрлэгийн карентинийг дахин 5 хоног сунгалаа
  • Сэлэнгэ аймгаас ирж, буцах галт тэргийг Түнхэл өртөөнд зогсоохоор харъяа дээд шатны байгууллагад уламжлахаар боллоо.
  • 2 хоногийн хугацаанд бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн /хүнсний болон түлшний түгээлт/ хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.
  • Ариутгал халдваргүйжүүлэлт, тандалт судалгааны ажилд явж байгаа тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийн загварыг шинэчилсэн байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж