Өвлийн олимпод 60 сая доллар төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Өвлийн олимпод 60 сая доллар төсөвлөжээ

Өвлийн олимпод 60 сая доллар төсөвлөжээ

Өмнөд Солонгосын засгийн газраас 2018 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахад нийт 66.2 тэрбум воныг (60 сая ам.доллар) төсөвлөжээ. Энэ нь Пёнчан хотноо цанын баазад шинээр цэнгэлдэх хүрээлэн барих, наадмын нээлт, хаалтын шоуг зохион байгуулах зардал аж. Гэхдээ өвлийн Олимпыг зохион байгуулах комисс засгийн газраас баталсан төсвийг 75 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдээд байв. Харин Өмнөд Солонгосын соёл, спорт, аялал жуулчлалын сайд өвлийн Олимпыг зохион байгуулахад багадаа 10 тэрбум ам.доллар шаардлагатай гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгос улс өмнө нь 1988 онд Сөүл хотноо зуны Олимпыг, 1986, 2002 онуудад  Азийн спортын наадмыг зохион байгуулсан туршлагатай. Өмнө нь 2002 онд Азийн спортын наадмыг Инчон хотод зохион байгуулахын өмнө тухайн үеийн мужийн дарга засгийн газраас зохион байгуулах зардлын 50-аас дээш хувийг гаргахгүй бол наадмыг зохион байгуулахгүй хэмээн сүрдүүлж байжээ.

Пёнчан хотын эргэн тойрны 50 км тойрогт нийтдээ 76 мянган өрөө бүхий зочид буудлууд байгаа  гэж Олон улсын олимпын хороо тооцжээ. 30 мянга орчим хүн амтай Пёнчан хот нь хүн ам сийрэг суурьшсан, зэлүүд аж. Пёнчан нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос зүүн зүгт 95 милл зайтай оршдог.

Өвлийн Олимпын үеэр өдөрт тус бүр нь 410 хүний багтаамжтай вагон бүхий 35 галт тэрэг Сөүлээс Пёнчан руу явах аж. Энэ нь өдөрт 15 мянга гаруй хүн тээвэрлэх боломжтой гэсэн үг. Хоккейн болон мөсөн гулгуурын цэнгэлдэх нийлээд 22 мянган хүний багтаамжтай.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж