Замын цагдаа замын саад

Хуучирсан мэдээ: 2017.12.10-нд нийтлэгдсэн

Замын цагдаа замын саад

Замын цагдаа замын саад

Замын цагдаа зохицуулалт хийж байгаа газар бүр замын түгжрэл үүсдэг боллоо.

Жишээ татвал, даваа, мягмар, лхагва гаригийн өглөө бүр Баруун дөрвөн зам, Гэсэр сүм, Улаанбаатар банкны баруун тал, Төрийн ордны зүүн, баруун жигүүрийн уулзвар бүр дээр замын цагдаа зохицуулалт хийгээд зогсож байдаг.

Хотын баруун болон хойд чиглэлээс гэрлэн дохиогоор зохицуулагдаад саадгүйгээр хотын төв рүү зорчоод ирсэн авто машин, автобус бүр Баруун дөрвөн замаас эхлээд замын цагдаа гэдэг замын саадтай тулдаг. Нэг урсгалаа тэр чигт нь явуулахгүй хамгийн багадаа 10 минут нам зогсооно. Эхний цагдаагийн сааднаас арайхийн мултраад Бөмбөгөр худалдааны төвөөс хөдлөхөд Гэсэр сүмийн өмнөх уулзвар дээр зогссон замын цагдаа шүгэл үлээж, дахиад л зогсооно. Хүлээлтэд бас л 10 минут алдана.  

Хоёр дахь хоригийг давсан тээврийн хэрэгслүүд цааш хөдөлж, автобусууд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамын газрын өмнөх буудалд зорчигчоо буулгаад цааш зүтгэхэд дахиад шүгэл тасхийж зогсооно. Бас л хүлээхээс аргагүй. Дараа нь Төрийн ордны хойд талын авто замд ирэхэд бөөн түгжрэл үүссэн байна. Баруунаас зүүн тийш чиглэх бүх л урсгалыг нам зогсоосон байх агаад ногоон гэрлээрээ иргэд ч гарах эрхгүй хүлээх нь олонтаа.

Цаг 09.00 зааж, оюутнууд хичээлээсээ, иргэд ажлаасаа хоцорсондоо бухимдацгаана. Цэцэрлэгээсээ хоцорсон хүүхдүүд ч цөөнгүй. Автобусны жолооч ч цагаасаа хоцорч, дараагийн тээвэрлэлтийн хугацаа хойшилж байгаагаа ажлынхандаа утсаар хэлнэ.

Ингэж байтал зүүн талаас дуут дохио хангинуулсан хар машин Төрийн ордныг чиглэнэ. Томчуудаас нэг нь ажил эхлэх цагтай зэрэгцэн нэг урсгалыг тэр чигт нь хааж байгаад Төрийн ордон руу явж буй нь энэ юм. Дуут дохио нь хангинаад л… Уг нь ажил нь 08.30 цагт эхэлдэг байсан бол зам хаалгаж, цэцэрлэгийн хүүхдийг хүртэл хождуулж, түвэг удмааргүй л байгаа юм. Гэвч нийслэлийнхний ажил, хичээл иймэрхүү янзтайгаар эхэлсээр удлаа.

Оройхон ажил, хичээл тарах үед мөн л дээрх уулзваруудад замын цагдаа зогсоно. Зүүнээс баруун тийш хөдлөх урсгалаа мөн л эсрэгээр нь хорино. Ийм нэг хүнд сурталтай зохицуулалтаас болж, буудлуудад автобусны уртын урт цуваа үүснэ.

Сүхбаатарын талбайн урд талын хөдөлгөөн ч оройдоо мөн ялгаа байхгүй. Яаж гэрт нь хариулахгүй, цаг алдуулах вэ гэсэн шиг зохицуулалт хийгдэнэ.

Тухайлбал, Спортын төв ордны баруун талын буудлаас хөдөлсөн автобус Сүхбаатарын талбай руу баруун эргэх болоход наад зах нь 30 минут хүлээнэ.  Замын цагдаа зохицуулалт хийж байгаа тул хүлээгээд л зогсооод байхаас аргагүй. Зүүн тийшээ ч явах эрх өгдөггүй, баруун зүг рүү ч хөдөлгөдөггүй.

Үүнээс болж нийтийн тээврийн цаг минутаар хэмжигдэж байгаа урсгал ч алдагддаг. Зорчигч нь автобусаа хүлээгээд байна, ирэхгүй. Аргаа бараад Нийтийн тээврийн 326352 утас руу залгаж гомдол мэдүүлнэ. Гомдол хүлээн авсан ажилтан автобус замын түгжрэлд ороод “Бөмбөгөр”-ийн орчимд нам зогссон талаар дуулгана. Гэсэр сүмийн уулзвар дээр зогссон замын цагдаагийн зохицуулалтаас болж, МУИС, Спортын төв ордны баруун талын автобусны буудал дээр зорчигчид хэдэн арваараа “Улаанчулуут”, “Зүүн салаа”-ны автобусыг хүлээнэ.

Харин замын цагдаа гараагүй өдөр бол ямар ч саадгүйгээр тээврийн хэрэгслүүд гэрлэн дохиогоороо зохицуулагдаад явчихдаг.

Одоо болъё, замын цагдаа нар аа. Авто замын хөдөлгөөнийг гэрлэн дохионд нь даатгачих. Автомашинууд шүргэлдэж, хөдөлгөөнд саад учруулсан, эсвэл зорчих урсгалд тээг болж авто машин байрлуулсан зөрчил зэрэг байвал түүнийг л зохицуул.

Зүв зүгээр явж байсан урсгал дээр замын цагдаа ирээд зохицуулалт хийхээр хаа, хаанаа хүндрэл учруулж, түгжрэл үүсгэж байна. Арга барилаа өөрчлөхгүй бол гэрлэн дохионоос долоон дор зохицуулалт хийдэг боллоо шүү дээ.  

Г.ХОРОЛ  

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж