НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн зөвлөх Жеффри Фелтман Хойд Солонгос улстай харилцах сувгуудаа нээлттэй байлгах хэрэгтэй гэдгийг мэдэгджээ. Тэрбээр Хойд Солонгост дөрвөн өдрийн айлчлал хийсний дараа олон улсад хандан болзошгүй дайнаас сэрэмжлэхийн тулд Пхеньянтай харилцаатай хэвээр байх яаралтай хэрэгцээг тайлбарлав. Жеффри Фелтман сүүлийн зургаан жилд анх удаа Хойд Солонгост айлчилсан НҮБ-ын дээд албан тушаалын хүн болжээ. Түүний мэдээлснээр Хойд Солонгос улсаас НҮБ-тай хэвийн харилцаатай байх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.
Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт тив алгасах баллистик пуужин туршсаны эсрэг Вашингтоноос Сөүлтэй хамтран хойгт нисэх хүчний хамтарсан цэргийн сургуулилт хийсэн юм. Энэ нөхцөл байдал нь Солонгосын хойгийн зөрчлийг хурцатгаж, дайн дэгдэж болзошгүй байдлыг үүсгээд буй.
НҮБ-аас Хойд Солонгост хүнс, эрүүл мэндийн тусламж үзүүлсээр байгаа аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА