Тив, дэлхий болон улсынхаа хэмжээнд нэр алдраа цуурайтуулахуйц бодитой амжилт гаргасан, тухайн амжилт нь иргэд болон хамт олондоо өндрөөр үнэлэгдсэн, бусдыгаа амжилтанд хөтлөн уриалан дуудагч, үлгэр дууриалал болсон залуучууд болон хамт олныг Монголын залуучуудын холбооны “Амжилтын хүрэл од”-оор шагнадаг билээ.
Тэгвэл өнөөдөр Токиогийн их дуулга тэмцээний Монголын жудо бөхийн анхны эрэгтэй алтан медальт, 2013-2017 оны их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Отгонбатын Ууганбаатар болон Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, гар барилдааны дэлхийн аваргын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Эрдэнэбатын Зоригтбаатар нарт МЗХ-ны “Амжилтын хүрэл од”-ыг ЕНБД Б.Бэлгүтэй гардуулж, баяр хүргэлээ.
Энэ үеэр О.Ууганбаатар “Би жудо бөхийн спортоор 14 дэх жилдээ хичээллэж байна. Энэ жилийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж байна. Ялангуяа Монголын жудо бөхийн эрэгтэй тамирчид Токиогийн их дуулга тэмцээнээс анхны алтан медалийг авч чадсандаа маш их баяртай байгаа. Энэ амжилтуудыг маань үнэлсэн Монголын Залуучуудын Холбооны хамт олон маш их баярлалаа” гэлээ.
Powerlifting-ийн дэлхийн хошой аварга Э.Зоригтбаатар “Миний хувьд энэ спортоор хичээллээд 11 жил болж байна. Бэртэл гэмтлийн улмаас сүүлийн дөрвөн жил завсарлаад өнгөрсөн жилээс спортдоо эргэн ирж, улсын болон дэлхийн 9 тэмцээнд амжилттай оролцож бүгдэнд нь түрүүллээ. Маш их баяртай байна. Бүгдийг эхнээс нь эхэлж байгаа мэт санагдаж байна. Ирэх жил Powerlifting-ийн дэлхийн аварга шалгаруулах дөрвөн тэмцээнд амжилттай оролцож дахин аварга болохыг зорьж байна” хэмээлээ.
Эх сурвалж: МЗХ