МАХН-ын Их хурал өнөөдөр Төрийн ордонд болж байгаа. Гэхдээ энэ хурлыг албан ёсны хурал биш гэж тус намын зарим удирдлага, гишүүд үзэж байгаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдрийн МАХН-ын Их хурлыг хүчин төгөлдөр гээд намын дарга Н.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж мэдэгдсэн юм. Ямар учраас Н.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлж байгаа талаар түүнээс тодруулж, байр суурийг нь сонслоо.
-Өнөөдрийн таны зохион байгуулж байгаа Их хурал хүчин төгөлдөр хурал мөн үү? Энэ тал дээр танай намын гишүүд өөр өөр байр суурь илэрхийлж байна.
-МАХН 2011 онд намын дүрмээ баталж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн. Гэтэл найман жил болж байхад нэг ч Их хурал хийгээгүй. Их хурлыг хийх ёстой. Хурал хийе гэж ярьснаас хойш айлган сүрдүүлэлт, доромжлол хэрээс хэтэрсэн. Манай Бага чуулган аравдугаар сард хуралдаж, Их хурлын товыг зарласан. Ингээд өнөөдөр Их хурлаа хууль журмын дагуу явуулахын тулд аймаг, дүүргээс хоёр төлөөлөгч ирэх ёстой байсан. Харамсалтай нь, өглөө 08.00 цагийн үед архи уусан, том биетэй залуус, намын нэр барьсан хүмүүс гэнэт гарч ирсэн. Тэр дотор манай намын З.Баянсэлэнгэ, Б.Тулга нар байна лээ. Гэхдээ Их хурлын ирц 70 орчим хувьтай байгаа тул эндээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ. Бид Н.Энхбаяр даргад урилга хүргүүлсэн боловч ирсэнгүй. Харин дэд дарга С.Ганбаатар ирсэн.
-Энэ хурлыг тамгагүй хурал гэх юм. Хурлаас гарсан шийдвэрийг тамгагүйгээр яаж хүчин төгөлдөр гэж үзэх вэ?
-Тамга хурал зохион байгуулах шийдвэрийг баталгаажуулдаггүй юм. Тогтоол баталгаажуулна. Гэвч тогтоол заавал тамгаар баталгаажуулна гэсэн хууль байхгүй. Аарвдугаар сард хуралдсан Бага чуулган 2/3 ирцтэй хуралдсан учраас хүчин төгөлдөр юм. Хоёрдугаарт, Их хурлын оролцогчдыг сонгох журам хуулийн хүрээнд явагдсан. Тамгаа аваад нуучихсан юм чинь эд нар чадахгүй гэж бодоод байх шиг байна. Бид нар хэн нэгний өмч биш. Хууль зөрчсөн эсэхийг шүүх тогтооно.
-Их хуралд багагүй мөнгө зарцуулан зохион байгуулсан байна гэж намын зарим гишүүн шүүмжилж байна?
-Энд ямар ч чинээлэг зүйл байхгүй. Би хоёр удаа УИХ-ын гишүүнээр ажилласан хүн. Надад ээж, аав, ах, дүү, найз нөхөд байна. АН-ын таван залуу тус бүр 200 сая төгрөг гаргаад, намын даргад өрсөлдөж болдог. Гэтэл МАХН-ын гишүүд өөрсдөө санхүүжилт босгоод, 100 хүрэхгүй сая төгрөгөөр хурал хийж болохгүй юу. Энэ Их хурлыг хаана ч шалгуулахад бэлэн шүү. Бид заавал муу хувцас өмсөж, муугаар хэлүүлэх ёстой юм уу. Хэдэн хулгайч хүмүүс Хуримын ордны ард байр түрээслээд сууж байгаа. Тэр байр чинь МАХН-ын байр биш. Нэг өдөр МАХН түрээсийн өрөнд орох байх. Энэ мэт асуудлыг одоо л цэгцлэхгүй бол хэзээ ч цэгцрэхгүй.
-Өнөөдрийн хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг чөлөөлсөн гэж та мэдэгдлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Чөлөөлсөн. Намын гишүүд нь хуралдаа оролцохоор зориод ирсэн байхад хоёр талцуулаад явж байгаа дарга хэнд ч хэрэггүй. Тиймээс бид намын даргыг огцруулсан. Одоо хурлаа амжилттай хийгээд, материалаа Дээд шүүхэд өгнө.
-Намын даргад та нэр дэвших үү?
-Би намын даргад дэвшинэ гэж хэлмээргүй байна. Гэхдээ намынхаа хэдэн гишүүд, дэмжигчдийг хаямааргүй байна. Эд нар маань намайг туг аваад яваач гэвэл би 2020 он хүртэл тугийг нь бариад явахад бэлэн байна. Би намыг удирдаад явах бололцоотой. Энэ намын бүх зүйлийг шилэн болгож, шударга хүмүүсээр ажил хийлгэмээр байна.
Т.НОМИН