МАХН-ынхан хоёр хуваагдсан гэдэг нь өнөөдөр /2017.12.09/ Төрийн ордонд болж буй Их хурлын үйл явцаас ил харагдаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан, нарийн бичгийн дарга Б.Тулга, намын гишүүн З.Баянсэлэнгэ нар Их хуралд оролцоогүй бөгөөд тэд маргааш /2017.12.10/ 14.00 цагт гишүүдийн дотоод хурал хийнэ гэж мэдэгдээд байна. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдрийн Их хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бөгөөд тэрбээр энэ удаагийн Их хурал намын дарга Н.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж мэдэгдсэн юм.
- УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй санал нэгдэхгүй байгаа ч өнөөдрийн хуралд ирж оролцсон, МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын байр суурийг хүргэж байна.
МАХН-ын дэд дарга С.Ганбаатар
-Өнөөдрийн Их хурал хүчин төгөлдөр байж чадах уу? Иргэд байтугай МАХН-ын гишүүд ч учрыг нь олохгүй, төөрөлдөж байгаа бололтой?
-Энэ хурал бол хүчин төгөлдөр биш. Энэ бол луйвар. Ирж оролцож байгаа хүмүүст бол буруу байхгүй. Харин энэ бүхнийг зохион байгуулсан О.Баасанхүү, Бямбасүрэн гэж хоёр луйварчны буруу. Шүүх дээр артай хүмүүсийн хийж байгаа ажил. Төрийн өндөр хамгаалалтад, бийлэгжүү байдлаар энэ хурлыг хийнэ гэдэг бол хэдэн оффшортнуудад худалдагдсаны жишээ. Энэ бусармаг үйл явдал дараагийн удаа МАН, АН-ыг “бут цохино”. Монгол орны улс төрийн бүтэц, зохион байгуулалтыг хямрааж, гадаадын эрхшээлд оруулах гэсэн явуургүй үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Тиймээс би хүмүүст зөв мэдээлэл өгөх гэж өнөөдрийн хуралд оролцож байгаа юм.
-Таны хэлж байгаагаар МАН, АН, МАХН-ыг цохих төлөвлөгөө гадны улс оронтой хамаатай гэсэн үг үү?
-Тийм. Би өөрөө Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулж, Монголынхоо төлөө зүтгэхээр ядарч зүдэрч явсан хүн шүү. Яг тэр үеийн зохиол өнөөдөр давтагдаж байна. Ингээд асуудал шүүх дээр очдог, шүүхийг захирч байгаа хүмүүс намыг устгадаг, сонгуульд оролцуулдаггүй. Үгүй хийдэг. Энэ олон хүмүүсийн сайхан сэтгэл, хөдөлмөрийг хэдэн луйварчин худалдаж байна.
-Их хурлаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулсан гэж мэдэгдлээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ Их хурал биш. Энэ бол луйвар. Зохион байгуулалттай жүжиг. Шүүхэд артай хүмүүсийн луйвар шүү. Эдэнд ямар ч тамга байхгүй. Зүгээр л МАХН-ын нэр барьсан цуглаан болж байна. Бид өөрсдөө Их хурлаа зарлаж, хоёрдугаар сард хуралдуулна. Намайг хурлаас гар гэж зовоож байгаа ч үнэний төлөө энд хөөгдөөд зогсож байна.
Т.НОМИН