Энэ долоо хоногийг ТОМИЛГООНЫ гэж онцолж болохоор байв. Учир нь Засгийн газар арванхоёрдугаар сарын 6-ны лхагва гаригийн хуралдаанаараа хэд хэд томилгоо хийсэн нь шинэ засаг бүрдсэнээс хойшхи төрийн албаны ээлжит хөдөлгөөн болж байна.
Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан буюу өнгөрсөн аравдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржавыг томилсон. Хурандаа Ө.Энхтөрийг харин С.Баатаржавын оронд Хууль, сахиулахын их сургуулийн захирлаар шилжүүлсэн.
Цагдаагийн байгууллагаас эхэлсэн Засгийн томилгоо удалгүй Тагнуулын байгууллага руу шилжиж, арваннэгдүгээр сарын 1-нд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг чөлөөлж, түүний оронд Д.Гэрэлийг томилсон билээ.
Харин энэ долоо хоногт хийсэн томилгоо яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг дайрав.
Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормааг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Б.Нямааг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх яриа сонстож байгаа бол Ж.Болормаа нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирлаар ажиллаж байгаад гурван сарын өмнө дээрх албанд томилогдож байсан юм.
Засгийн газар мөн энэ долоо хоногт Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилсон нь анхаарал татаж буй. Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, “Монгол шуудан” компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.
Дашрамд сануулахад, Цагдаагийн ерөнхий газрын шинэ дарга С.Баатаржав дотооддоо багагүй томилгоо хийжээ. Тухайлбал, Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн албаны даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилжээ.
Б.БАЯСАХ