Энэ долоо хоногт News агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн онцлох ярилцлагуудыг дахин хүргэж байна.
С.БЯМБАЦОГТ: ТӨР 78 ТОЛГОЙТОЙ БОЛСОН
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
-УИХ-аар Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед МАН-ын бүлгээс завсарлага авлаа. Та энэ төслийг Засгийн газар руу буцаах байр суурь барьж байгаа гишүүний нэг. Үндэслэл нь юу вэ?
-Төрийн алба улс төрөөс ангид, мэргэшсэн, мерит зарчимд суурилсан байх ёстой гэж ярьдаг атлаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлнэ нэрийн дор аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувийг төрийн албанд ажиллуулах заалтыг дээрх хуулиар оруулж ирсэн нь зарчмаасаа ухарсан хэрэг юм.
УИХ 2006 онд баталсан Төрийн албаны тухай хуульдаа “төрийн албан хаагч улс төрөөс ангид, хараат бусаар бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой” гэсэн зарчим суулгаж өгсөн. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд төрийн захиргааны албан хаагч нь улс төрийн албан тушаалыг хавсарч хийхээр 30 хувь хүртэл квот тогтоож өгөх нь төрийн алба улс төрөөс ангид байх зарчмаа эвдэнэ. Төслийн энэ санаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай ч нийцэхгүй байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.
Нөгөө талаас Иргэдийн хурал гэдэг бол иргэдийн төлөөллийн байгууллага болохоос Засаг даргын харьяаны албан тушаалтнуудын цуглуулга байж таарахгүй. Ингэх юм бол төлөөллийн байгууллагын “дээр” гүйцэтгэх эрх мэдэл бүхий Засаг дарга “сандайлах” практик нөхцөл бүрдэнэ.
-Миний ойлголтоор манай төрийн институцуудын үйл ажиллагаа хоорондоо хутгалдаад нэг л эвээ олохгүй байгаа юм шиг санагддаг. Таны бодол.
-УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль болгоноор улстөржиж гэр бүл, жалга довоороо хүртэл талцдаг, хуваагддаг боллоо. Дээд төвшиндөө хүртэл улстөрждөг, талцдаг. Ерөнхийлөгч нь УИХ -тай таардаггүй, УИХ нь Засгийн газартайгаа таардаггүй болсон. Засаглалын тогтолцоо төрийн институци хоорондын зөрчилтэй байдал нь Монгол Улсын эрх ашигт үнэндээ нийцэхгүй байгаа.
Монголчуудын жаргал, зовлон нэг. Бид улсаа гэсэн нэг л сэтгэлтэй. Энэ зорилгынхоо төлөө ойлголцож, зөвшилцөж, эв нэгдлийг хангаж ажиллах зарчмаа барих ёстой. Гэтэл сууриа эвдэж байгаа энэ асуудлыг засаж залруулах ёстой атал төрийн албаа улс төрийн байгууллага болгон хувиргах алхам хийх гээд байгаа нь үндсээрээ буруу юм.
Б.ТУЛГА: О.БААСАНХҮҮ НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН
МАХН-ын Нарийн бичгийн дарга, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга
-МАН-ын хэрүүл, зодоон арай гэж намжтал МАХН-ынхан залгаад хэрэлдээд эхэлчихлээ. Эрх мэдэл, сандал суудалгүй гудамжинд байгаа хэрнээ танай намынхан одоо юугаа булаацалдаад хэмлэлдээд унав аа, бас?
-Нам болгонд харагдаж байгаа задрал хуваагдлыг тус, тусад нь авч үзэх хэрэгтэй л дээ. Бүгд өөр өөрийн үндсэн шалтгаантай. МАН бол эрх мэдэл, сандал суудлын зодоон хийгээд байгаа. Харин манай нам бол таны хэлснээр эрх мэдэл ч үгүй, хуваах бялуу ч үгүй нам. Нам бүхэлдээ доргиод, донслоод, хуваагдаад талцаад байгаа юм байхгүй ээ. МАХН эв нэгдэлтэй байгаа. Энэ нь эрх баригчдад таалагдахгүй байгаа юм шиг байна. МАХН-ыг гэх ард түмний дэмжлэг ямар байгааг та бүхэн өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар харсан байх. АН, МАН адилхан нэр хүндгүй болсон, сонгогчдынхоо итгэлийг алдчихсан, гуравдагч улс төрийн хүчин буюу МАХН ирэх 2020, 2021 онд ялах магадлал хамгийн өндөр байгаа болохоор дотроос нь хүчийг нь сульдааж, үйл ажиллагааг нь саармагжуулахын тулд зарим нэр бүхий хүмүүсийг ашиглаад байх шиг. Эсрэг тал маань мөнгөтэй байна, эрх мэдэлтэй байна, шүүх, тагнуул гарт нь байна. Үүндээ дулдуйдаад МАХН-ыг хагалан бутаргаж чадна гэж бодож байгаа бол уучлаарай.
-Тэр хагалан бутаргагч нь хэн гэж?
-Хэн өнөөдөр МАХН-ыг хамгийн ихээр муулаад, хэн өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнийг дэмжсэн нь бүгдэд ойлгомжтой тодорхой байгаа шүү дээ. Түүхийг харахад урвагчдаас л болж Монголын төр үеийн үед доройтсон байдаг. Харамсалтай нь, одоо цагт урвагчид нь илүү тодордог болсон байна. Урвагчид өөдөөс хутга бариад дайрч байгаа дайснаас төрдөггүй. Урвагч дотроосоо гардаг. Манай О.Баасанхүү өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар улаан цагаан намынхаа эсрэг ажилласан. Улаан цагаан нэг хүнийг дэмжсэн.
Б.ДЭЛГЭРСАЙХАН: ОФФШОРООС 700 САЯ ДОЛЛАР ТАТСАН
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
-Авлигатай тэмцэх газраас (АТГ)-аас таныг оффшор бүсэд данстай эсэх асуудлыг тодруулахаар шалгаж байгаа гэх мэдэгдлийг хийлээ. Та оффшор бүс дэх дансаа хаалгаагүй байсан юм уу?
-Би 24 жил бизнес эрхэлж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Бизнес эрхэлж байх хугацаандаа хоёр ч оффшор данстай байсан. УИХ-ын гишүүн болсноос хойш оффшор данснуудаа хаалгасан. Би оффшор бүсэд данстай гэдгээ өмнө нь хэлж, ярьж байсан. Ер нь бол бизнес эрхлэхэд гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд зайлшгүй оффшорт данс нээж, компани байгуулдаг олон улсын жишиг бий. Энэ жишгийн дагуу 2007 онд оффшор бүсэд мөнгө босгож, нийт 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулж ирсэн. Энэ хөрөнгө оруулалтаар 115 км дэлгэмэл урттай төмөр зам, 100 гаруй км өндөр хүчдэлийн цахилгааны шугам, 3000 вагон, 12 зүтгүүр худалдан авч, уурхайн тосгон босгосон, орон нутагтаа бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа гээд маш олон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл явуулсан. Энэ том хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирснээр өнөөдөр 1400 хүнийг ажлын байраар хангаж, улсад татвараа төлөөд, салбартаа хувь нэмэр оруулаад явж байна. Тэгэхээр энэ талаас нь оффшорыг харах ёстой. Миний бизнес эрхэлж байх үеийн оффшор дансыг АТГ шалгаж байгаа нь үнэн. Тухайн үед оффшор дансаар ийм хөрөнгө оруулж ирсэн, ийм данс нээсэн, түүнийг юунд зарцуулсан талаарх тайлбараа ч АТГ-т өгч байна.
-Оффшор бүсээс хөрөнгө татах нь хэр зөв менежмент вэ?
-Төрд ажиллаж байгаад төрийн мөнгө хулгайлж, оффшор бүсэд данстай болсон бол түүнийг нь шалгаж, тэр мөнгийг нь оруулж ирэх нь зөв. Гэхдээ нийгэм болоод гадаад зэх зээлд оффшорын талаар буруу ойлголт төрүүлбэл Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Бараг хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх эх суурийг нь тавьчих шиг боллоо. Монгол Улсад нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 10 орчим тэрбум ам.доллар нь оффшороос орж ирсэн. Монгол Улсын эдийн засагт л хэрэгтэй зүйл. Манайхан оффшор гэхээр өрөөсгөл талаас нь олж хараад байна. Нийгэмд зөв ойлголтыг өгмөөр байна.
РЕППЕР О.ДӨЛГӨӨН: БИ ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛД ОГТ ОРООГҮЙ
2013 онд “Universe Best songs” нэвтрүүлэгт оролцож олонд танигдсан О.Дөлгөөн Солонгос улсыг зорьсноор уран бүтээлээ хэсэг завсарлаад байсан. Цоглог, хэмнэлтэй, эрч хүч мэдрүүлсэн дуунуудаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж яваа 26 настай реппер О.Дөлгөөн шинэхэн уран бүтээлдээ оржээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 30-ны өдөр “Fuck Love” дуугаа олон нийтэд танилцуулсан. Реппер О.Дөлгөөнтэй ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан танд баяр хүргэе. Таныг 11 настайгаасаа хойш БНСУ-д амьдарч байгаа гэж дуулсан. Эх орондоо ирээд хэр удаж байгаа вэ?
-Эх орондоо ирэлгүй гурван жил болжээ. Би БНСУ-д амьдардаг. Монголд ирээд гурван сар болж байна. Энэ хугацаанд шинээр гаргах уран бүтээлүүдийн зураг авалтад шууд орж, “Fuck love” дуугаа гаргасан. Миний ээлжит соло уран бүтээл амжвал нэгдүгээр сарын 30-ны өдөр, амжихгүй бол хоёрдугаар сард гарна. Ажил амжихгүй байсан болохоор, гурван хоногийн өмнө, визнийхээ хугацааг нэг сараар сунгалаа. Нэг сарын эхээр Солонгос улс руу буцна.
-Шинэ уран бүтээл болох “Fuck love” дууг сонссон. Таны өмнө нь дуулдаг байсан хэв маягаас өөр болсон юм шиг санагдсан шүү. Цаашдаа хип хоп чиглэлээр уран бүтээлээ туурвих уу?
-Би хүүхэд байхаасаа л R&B soul дуучин болно гэж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл минь одоо л биеллээ олж эхэлж байна. Цаашид R&B soul чиглэлээр уран бүтээлээ туурвина. Мэдээж, хип хоп хэв маягаа алдахгүй. ‘Fuck love’ уран бүтээлийг ‘Hypeman’ студийн хамт олноор хийлгэсэн. Энэ завшааныг ашиглаад клип хийх явцад тусалж дэмжиж, зөвлөгөө өгсөн студийн ах эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Клипний найруулагчаар Б.Мөнхтулга гэдэг залуу ажиллаж. Клипний бага бүрэлдэхүүнээр Dont бүлгийн залуус хамтарч ажилласан.
Ц.Энхжин: Миний хамгийн сүүлийн тэмцээн
Хятадын Саньяа хотноо зохион байгуулагдсан ‘Дэлхийн мисс-2017’ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон мисс Ц.Энхжин эх орондоо ирээд байна. Тэрбээр “Дэлхийн Мисс 2017” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтад шилдэг 15 орны миссийн нэгээр шалгарсан ба ард түмний миссээр тодорч, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн юм. Мисс бүсгүй маань Их Британийн Кэмбрижийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгсөж, Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны магистр хамгаалж, эх орондоо өөрийн “Eden Design” компанийг байгуулаад байгаа билээ.
-“Дэлхийн мисс-2017” тэмцээний шилдэг 15 миссийн нэгээр шалгарсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Тухайн мөчид хамгийн түрүүнд эх орныхоо нэрийг дуудуулна гэж бодоогүй гэж байсан шүү дээ?
-Дэлхийн олон орны миссүүдтэй өрсөлдөж, шилдэг 15 орны мисст шалгарч чадсандаа баяртай байгаа. Монголчууд бид нэгдэхээрээ ямар хүчтэй вэ гэдгээ дахин харуулж чадлаа. Намайг дэмжиж байсан хүмүүстээ “Маш их баярлалаа” гэдэг үгийг дахин дахин хэлмээр байна. Тэмцээний явцын дунд долоон үндсэн гол шалгуурыг зохион байгуулсан. Үүний зургаан шалгуурын шилдэгт шалгарч, гуравт нь түрүүлсэн. Миний хувьд энэ маш том амжилт гэж бодож байна. Энэ бол зөвхөн миний амжилт биш. Бид бүгдийн хичээл зүтгэл юм шүү. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлээд баршгүй.
-Богино хугацаанд маш шаргуу бэлтгэл хийсэн гэж сонссон. Их ядрав уу?
-Би “Дэлхийн мисс-2017” тэмцээнд явахаасаа өмнө сар гаруй хугацаанд эрчимтэй бэлтгэлээ хийсэн. Энэ бол маш бага хугацаа. Бусад орны миссүүд ихэнх нь 6 сараас 1 жилийн хугацаанд бэлддэг. Жишээлбэл Филиппин орны мисс гэхэд жилийн турш сургуульд сурч хэрхэн биеэ авч явах, хүнтэй яаж харилцах гээд бvх талын хичээлvvд заалгадаг юм билээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд өөрийгөө тал бүрээр хөгжүүлэхийг хичээж ирсний үр дүн гарсан. Би бэлтгэлийнхээ хажуугаар ажлаа хийж байсан учраас маш шахуу хуваарьтай байсан. Тэмцээнд явахын өмнөх өдөр шөнийн 04:00 цаг хүртэл бүжгийн бэлтгэлээ хийгээд ачаагаа баглаад хоёр цаг унтаад онгоцны буудал руу явсан. Би ядаж нэг өдөр амраад, тэмцээндээ явах гэсэн ч амрах цаг гараагүй. Харин онгоцонд тайван унтаж, амарч чадсан.
ГИТАРТАЙ АЯЛАГЧ
Нийслэлийн гудамжинд гитар тоглон зогсох гадаад залууг хүн болгон гайхаж харна. “Түрийвчээ хулгайд алдчихсан юм болов уу, энэ залуу яачихсан юм” гэж асуух хүн олон. Түүнийг Дмитрий Коршунов гэдэг. ОХУ-аас Монголоор дамжин Өмнөд Солонгос руу аялж яваа 25 настай залуу. Тэр нэгэн хэвийн амьдралаас залхаж, залуудаа аль болох олон улсаар аялахыг хүсдэг ажээ. “Би бараг 30 гаруй орноор аялсан. Гитар тоглохыг дөнгөж сурч байгаа. Аялж буй орон болгондоо гудамжинд дуу дуулж, хэрэгцээтэй мөнгөө цуглуулдаг. Энэ баасан гаригт Өмнөд Солонгос руу ниснэ” гэсэн юм.