Эрчүүдийн асуудлыг үндэсний хэмжээнд тавих цаг ирсэн

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн асуудлыг үндэсний хэмжээнд тавих цаг ирсэн

Монголын улс төрөөс бусад бүх салбарт эрчүүдийн оролцоо бага байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл уул уурхай, барилга, эрчим хүч  гээд эрчүүд хамгийн их хэрэгтэй салбар хүн хүчээр дутаж байгаа билээ. Харин  идэр насны эрчүүд гадаадад ажиллах хүчний сонгон шалгаруулалтад сайн дураараа орж, эрүүл мэнд, боловсрол, сэтгэхүйгээрээ өрсөлдөн харь орныг зорих болсныг хүн бүхэн мэднэ. Түүнийг нь нотлох мэт сүүлийн хэдэн жилд хилийн дээс алхах эрчүүдийн цуваа тасарсангүй. Эрчүүд ийн гэр бүлээсээ хол амьдарч байгаа нь гэр бүл салалтад нөлөөлөх чухал хүчин зүйл болохыг гэр бүлийн сэтгэл зүйчид хэлдэг. Мөн өнөөх улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч гэгдэх уул уурхай маань ч гэр бүл салалтад нөлөөлөх эхний арван шалтгааны нэг байх юм. Гэхдээ өнөөдөр гэр бүл салалтыг бус өрх толгойлсон эцгүүдийн тухай бичиж байна.

Монголын Эрэгтэйчүүдийн хол­­боо­ноос санаачлан жил бүрийн наймду­гаар сард  “Аавуудын өдөр”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Аавуу­дын өдөр”-ийг өчигдөр тэмдэг­лэлээ. Зохион байгуулагчдын зүгээс “Аавуудын өдөр”-ийг баяр гэдэг утгаар нь биш тэднийг хүндэтгэх, урам өгөх зорилгоор жил бүр өөрийн гэсэн уриа, зорилготойгоор тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Зохисгүй хэрэглээг хязгаарлая” уриан дор энэхүү үйл ажиллагааг явуулсан юм. Дэлхий нийтээр “Аавуудын өдөр”-ийг анх 1910 оны зургаадугаар сарын 19-нд тэмдэглэсэн бөгөөд манай улсын хувьд энэ өдрийг жил бирийн наймдугаар сард тэмдэглээд зургаан жилийн нүүр үзжээ.  

Үүнтэй холбогдуулан Монголын Эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
    
-Манайд өрх толгойлсон хэчнээн эцэг байдаг вэ?

-Яг тодорхой тоо байхгүй. Гэхдээ удахгүй гарах ёстой. Саяхан хүн амын тооллого болоод өндөрлөлөө шүү дээ. Эцсийн дүн нь гарахаар хэ­дэн эцэг хань ижилгүй яваа нь яв цав гарах байх. Ойролцоогоор 4-5 мянган эцэг байгаа гэх мэдээлэл бий.

-Өнөөдрийн үйл ажилла­гааныхаа талаар товч танил­цуулаач. Танайхаас жил бүр ийм үйл ажиллагаа явуулдаг юм байна?

-Нийслэлийн Засаг даргын Там­гын газар, Цагдаагийн ерөн­хий газар болон Монголын Эрэгтэйчүүдийн холбоо хамтран “Хүүхдийн хүмүүжилд эцэг хүний үүрэг оролцоо” сэдэвт чөлөөт хэлэл­цүүлэг хийлээ. Хэ­лэлцүүлгийн гол зорилго нь хүүхдийн хүмүүжилд аавууд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэсэн үнд­сэн асуудлыг тодот­гоход оршлоо. Ер нь “Монгол хүүхдийн хүмүүжилд аавын оролцоо байх нь зайлшгүй асуудал болж, цаг нь иржээ” гэдгийг хэлэл­цүүлэгт орол­цогчид хүлээн зөв­шөөрч байна. Яа­гаад гэхээр өнөө­дөр ерөөсөө хүүх­дийн хүмүүжилд аа­вын оролцоо бага болчихож, яа­хав мате­риаллаг та­лын зүйлсийг нь бэл­дэж өгдөг л дөө. Ком­пью­тер ч юм уу шаардлагатай зүйл­сийг нь авч өгч байна. Гэхдээ энэ хүмүүжилд нь нөлөөлөх хэрэгсэл биш шүү дээ.

-Хэлэлцүүлэгт оролцогсод ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Яг үнэндээ хэлэлцүүлэгт оролцсон аавууд хүүхдээ хэдэн цагт гэртээ орж ирдэг, хэнтэй найзалж байгааг нь огт мэдэхгүй нь элбэг байна. Ер нь аав нарын хяналт бага байгааг харлаа. Өнөөдөр хүүхдүүдийн багагүй хэсэг нь тэнэмэл амьдралд орж байна. Гэмт хэргийн ертөнц рүү хальж байгаа хэсэг ч байна шүү дээ. Энэ бүхэнд аав хүний нөмөр нөөлөг хэрэгтэй. Түүнээс гадна орчин үеийн аав гэдэг ойлголтыг ч бид яриад зогсож байлаа.

-Танай байгууллагаас сүүлийн үед энэ тал дээр хэрхэн ажиллаж байна?

-Бид албадан саатуулах төв дээр эрчүүдэд зөвлөгөө өгөх төв байгуулаад жил гаруйн хугацааг өнгөрөөжээ. Тэгэхээр энд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрчүүдтэй ажиллаж, тэдэнд гэр бүлийн хүчирхийллийн хор хохирол, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, эр хүний мөн чанар ямар байх ёстой вэ, ядаж л уураа хэрхэн барих юм бэ гээд энэ чиглэлийн сургалт сурталчилгааны ажлыг бид хийж байна.

-Эрчүүд хэр хүлээж авдаг вэ. “Аавуудын өдөр” гэчихээд албадан саатуулахад ажиллаж байна гэхээр нэг л бууж өгөхгүй байна л даа?

-Албадан саатуулах төв бол бидний ажлын тодорхой нэг хэсэг нь л дээ. Мэдээж үүнээс гадна аавууд олноороо бидэнд ханддаг. Ямар шалтгаанаар гэхээр, тэд үр хүүхэддээ зодуулж байна, хүүхдүүд нь хайхрахгүй байна, ээж нь нас барсны дараа аавыгаа дорд үздэг болсон гэсээр багахан ч болов зөвлөгөө өгөөч гэж ирдэг. Бүр боловсрол нимгэн, өөрөө өөрийгөө авч явах чадваргүй гэх шалтгаанаар эхнэрийнхээ ах, дүү нарт байнга зодуулдаг эрчүүд ч байна. Эрчүүдтэй холбоотой асуудал зөвхөн манай холбооны гэхээсээ илүү үндэстний түвшинд авч үзэх зүйл л дээ. Одоо ингээд харахад гадагшаа ажил хийх гэж яваад сэтгэл санааны гутралд орж, архи уудаггүй байснаа архи уудаг болоод ирсэн эрчүүд олон байна. Эрчүүд ч гэж ер нь ихэвчлэн 30-35 насны сайхан залуус байна. Гэтэл тэднийг Монголдоо хүрээд ирэхэд эхнэр, хүүхэд нь хүлээж авахгүй байгаа тохиолдол ч гарсан.

-Ийм байдал нийгэмд олноороо үүсэх болсон шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?

– Жендерийн тэгш бус байдлаас болж байна гэж тодорхойлж болно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан боловсрол эзэмшиж, адилхан хууль эрхийн мэдлэгтэй байх ёстой. Гэр бүлдээ адил тэгш оролцох ёстой. Хөрөнгө санхүүгээ барих асуудлыг ч адилхан хийх ёстой. Өнөөдөр эмэгтэйчүүд илүү боловсролтой болж байна. Эрэгтэйчүүд тэднээс боловсролоор хоцорч байгаа учраас монгол эмэгтэйчүүд гадны хүнтэй суух хандлага гараад байна. Гадаад хүнтэй сууж байгаа эмэгтэйчүүд сүүлийн үед буурч байгаа гэж хэн ч хэлэхгүй шүү дээ.  Нөгөө талаар манай эрэгтэйчүүд өөрсдөө хөгжих ёстой цаг үе ирээд байна. Сүүлийн үед гэрлэх насны эмэгтэйчүүдийн 38 хувь нь өөрөөсөө доогуур боловсролтой эрчүүдтэй гэр бүл болж байна. Тэгэхээр үзэл бодол, нийгэмд хандах хандлага гээд  бүх л зүйл  дээр зөрөө гарна шүү дээ. Хэрвээ  гэр бүлийн хоёрын нэг нь бичиг үсэг мэдэхгүй, арван жилийн боловсролтой байхад тэр гэрт хүмүүжиж байгаа хүүхдэд яаж нөлөөлөх вэ. Бас л бодох л зүйл тийм үү. Энэ утаараа өнөөдөр хүн ам зүйн бодлого алдагдах талтай байна. Одоо “Хүн ам зүйн цонх нээгдлээ. Хөдөлмөрийн насны залуусын тоо өндөр байна” гэх зэргээр ярьж байна. Ажиллаж хөдөлмөрлөх нь зүйн хэрэг гэхдээ боловсролын асуудал маш чухал шүү дээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж