Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар хурал өнөөдөр /2017.12.08/ Төрийн ордонд боллоо. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас гаднаа ОХУ, Япон, Солонгос, Энэтхэг, Польш зэрэг улс орнуудын эрдэмтэн, судлаачид оролцож байна. Монголын уламжлалт анагаах ухаан түүхэн цагийн үед хэзээ ч тасраагүй, улам хөгжин ирсэн учраас цаашид орчин үеийн шинжлэх ухаантай холбож, дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын онцлох бүтээгдэхүүн гаргах нь чухал гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Дэлхийн 192 орноос уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоотой 25 орны нэг нь Монгол Улс юм байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын илгээлтийг танилцуулж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээж үг хэлсэн. Тэрбээр, Монголын уламжлалт анагаах ухаан нь өвөг дээлсийн хуримтлуулсан ардын анагаах ухааны баялаг мэдлэг, туршлага дээр тулгуурлан өнөөдрийг хүртэл өргөжин, хөгжиж ирсэн. Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд таван салаа, нохойн хошуу, мөөг зэрэг маш олон анагаах эрдэм бүхий бүтээгдэхүүнийг үеийн үед эмчилгээний журмаар хэрэглэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт төрийн бодлого алдагдсан ч ард түмний уламжлагдан ирсэн уламжлалт эмчилгээ өнөөдөр ч бидний дунд байсаар байна. Тиймээс уламжлагдан ирсэн энэ салбараа бид цаашид орчин үеийн шинжлэх ухаан, технологийн салбартай уялдуулах нь нэн чухал гэдгийг онцоллоо.
Монголын анагаах ухааны чиглэлийн эрдэмтэн, эмч нар 1990 оноос хойш Польш улсад уламжлалт анагаах ухааны эмчилгээний хөгжлийн гарцыг нэмэгдүүлж, өдгөө Итали, Англи, Герман улсын иргэд Польш улсыг зорин эмчлүүлдэг болжээ. Мөн анагаах ухааны чиглэлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх, орчин үеийн эмчилгээний аргатай, уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлэхэд өнөөдрийн олон улсын хурал үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцолж байсан юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ