Өнөөдөр Төрийн ордонд болсон “Шилэн нам-авлигын эсрэг түншлэл” хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын төлөөлөл оролцлоо. Улс төрийн намын хараат бус хяналт, санхүүжилтийн асуудал, дотоод хяналтыг сайжруулах талаар тэд хэлэлцсэн юм. Мөннамууд авлигаас ангид байхын тулд шилэн нам авлигын эсрэг түншлэлд нэгдэхийг уриалав. УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл авлига хаана цэцэглэж, хаана хамгийн их байгааг зөв тодорхойлох нь чухал. Авлигын эсрэг хуультай, тэмцдэг байгууллагатай хэрнээ эмч, багш нар, төрийн байгууллага болон хуулийн байгууллагад авлигад их өртдөг явдал байсаар байгааг судалгаа харуулж байна гэв. Уг хэлэлцүүлэгт оролцсон намуудын төлөөллүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Өнөөдрийн хэлэлцүүлгийн үндсэн зарчимтай АН байр суурь нэг байгаа. Түүнчлэн УИХ-д ‘Эмэгтэйчүүдийн албан бус бүлэг’ байгуулснаа зарласан. Бүлгийн зүгээс нам хамаарахгүйгээр хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг цаашлаад авлигын эсрэг нэгдэхээ мэдэгдэж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-МАН-ын зүгээс авлигын эсрэг асуудалд нэгдэж, улс төрийн намуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Улс төрийн намууд өөрсдөө энэ асуудалд манлайллыг нэмэгдүүлэх нь зүйтэй.
АН-ын төрийн нарийн бичгийн дарга Ц.Туваан:
-Яг энэ өдрүүдэд АН-ын зүгээс Удирдах ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулж байна. Намуудын санхүүжилтийн асуудлыг ил болгох нь зүйтэй гэдэгт санал нийлж байна. Шилэн нам болох байр суурийг дэмжиж, цаашид хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдье.
МАХН-ын генсек Ц.Оюунбаатар:
-Өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа нь чухал боловч Монголын намууд яг бодитойгоор шилэн болох уу гэдэг эргэлзээтэй. Өнөөдрийн санаачилга бол намуудын авлигын эсрэг тэмцэх,өөрчлөх гэсэн санаачилга гэж харж байна. Гэхдээ бодит нөхцөл байдал бол хэцүү шүү. 60 тэрбумын асуудал бол авлигын ноён оргил шүү дээ. Улс төрийн сонгуулийг хар. Ийм нөхцөлд ямар шийдэл гаргах нь чухал болохоос гарын үсэг зурах нь шийдэл биш шүү.
Ногоон намын дарга О.Бум-Ялагч:
-Өнөөдөр та нар шилэн нам гээд яриад байдаг. Төрийг авлигажуулсан намууд ийм юм ярьж болж байгаа юм уу. Та нар яах гэж ийм балиар юм хийж байдаг юм. Та нарын ард өчнөөн олон олигархиуд байгаа. Сэхээтэн залуус гудамжинд, гадаадад гарчихаад байна. Та нарын бодлого бол ард түмнээ мөнгөгүй байлгах бодлого. Авлигын эсрэг тэмцэгч нь бол иргэд өөрсдөө болохоос та нар биш шүү’ хэмээн хашгирав. Түүнийг дараагийн хүнээ хүндэлнэ үү хэмээн микрофоныг нь тасласнаар хэлэлцүүлэгт оролцогчид үргэлжлүүлэн саналаа хэлсэн.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ