Их Британи Европын холбооноос гарах асуудлаар талуудтай урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрчээ. Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй засгийн газрын гишүүд болон бусад намын гишүүдтэй “Brexit”-ийн асуудлыг удаан хэлэлцэж, өнөөдөр Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй Брюссельд уулзалт хийсэн юм.
Европын комиссын ерөнхийлөгч Жан –Клод Юнкер хэлэхдээ “Их Британи Европын холбооноос гарах асуудлыг шийдэх эцсийн хугацаа арванхоёрдугаар сарын 14 дөхөж байгаа учраас бид асуудлыг өнөөдөр шийднэ” гэжээ.
Юнкер хэлэхдээ талууд гурван нөхцөл дээр тохиролцсон боловч Умард Ирланд болон Ирландын Бүгд найрамдах улсын хоорондох хилийн асуудлыг хэлэлцэж байгаа гэжээ.
Урт удаан үргэлжилсэн хэлэлцээ Их Британи, Европын холбооны аль алинд нь амаргүй байсан хэлэлцээг дараагийн шатанд оруулж чадсан байна. Тереза Мэй хэлэхдээ өнөөдрийн үр дүнд хүрэхийн тулд талууд аль алин нь буулт хийх шаардлагатай тулгарсан хэмээн мэдэгджээ.
Их Британи Европын холбооноос гарах тухай хэлэлцээ зургаан сарын өмнө эхлэхэд Европын холбоо гурван асуудал дээр тохиролцохоос нааш Brexit-ийг зөвшөөрөхгүй гэдэг хатуу байр суурь илэрхийлсэн. Европын холбоо Их Британиас “салалтын нөхөн төлбөр” төлөх, Их Британи дахь Европын холбооны иргэдийн эрхийг баталгаажуулах, Европын холбооноос гарч буй Умард Ирланд болон холбооны гишүүн улс хэвээр үлдэх болзол тавьсан билээ.
Эхний болзлын дагуу Их Британи Европын холбооноос салсны нөхөн төлбөрт 45-55 тэрбум евро төлөх болон Европын холбооны иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал дээр тохиролцсон боловч Умард Ирландтай холбоотой асуудал маргаантай хэвээр байгаа юм байна.