Геологи, хайгуул, уул уурхай, олборлох болон боловсруулах салбарын үндсэн асуудлууд, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Тогтвортой хөгжилд уул уурхай” бодлогын зөвлөгөөнийг УУХҮЯ-аас өнөөдөр /2017.12.08/ зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ШУТИС-ийн уул уурхайн багш М.Дагва тавьсан илтгэлдээ “Ашигт малтмалын тухай хуульд өнөөдрийг хүртэл 250 гаруй өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт Монгол Улсын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг эрсдэлтэй болгож байгаа” талаар дурдсан юм.
Энэ талаар УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга М.Баярчимэгээс тодруулахад “Уул уурхайн салбарт 10 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хууль зүй дотоод хэргийн яам болон Германы хамтын ажиллагааны олон улсын байгууллагатай хамтран эдгээр 10 хуульд зөрчил, давхардал, хийдлийн асуудал хэр байна вэ гэдгийг судлан тайлан гаргасан. Тайлангаас харахад нийтдээ 150 зөрчил, 267 заалт дээр давхардал үүссэн, зохицуулагдаагүй 150 харилцаа байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ тайлан дээр үндэслэн эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох, давхардал, зөрчлийг арилгах шаардлагууд үүсэж байгаа. Үүн дээр тулгуурлан хуулийн төсөл боловсруулан, УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна. Уул уурхайн салбарын голлох хууль болох Ашигт малтмалын тухай хуульд 2011 оноос хойш 250 гаруй нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнээс болж Монгол Улсын уул уурхайн салбар нь хууль, эрх зүйн орчны хувьд тогтворгүй байна гэдэг мессежийг гадны хөрөнгө оруулагч нарт өгч байна гэж бид харж байгаа. Тэгэхээр бид энэ тогтворгүй байгаа байдлыг тогтвортой байдал руу яаж шилжүүлэх вэ гэдэг дээр цаашдаа анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ.
Зөвлөгөөнд оролцогчид уул уурхайн салбарыг гагцхүү нэг салбарын хүрээнд бус, эрх зүйн орчныг нь Ашигт малтмалын хуулийн хүрээнд хэт явцуу байдлаар авч үзэхгүй байж, холбогдох бусад салбар хоорондын уялдааг хангаж, “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан яам хоорондын ажлын хэсэг гарган боловсруулж, батлахыг Засгийн газраас хүсчээ.
Гэрэл зургийг Э.Энхбат