Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Хэт хурдтай хүн

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хувьд ойрдоо алба, амины ажил нь нэлээд бүтэмжтэй, хүмүүсийн анхаарлын төвд байна. Тэрбээр тус хорооны даргаар өмнө нь ажиллаж байсан, УИХ-ын гишүүн З.Энхболдын нэг адил Өвөрхангай аймгийнх. Саяхан сүр дуулиантай болсон тус аймгийн 80 жилийн ойгоор Д.Сугар дарга ну­тагтаа нисдэг тэрэг хөлөглөн очиж бийлэгжүү загнасан. Бас болоогүй, өөрийнх нь нэр дээр хурдалсан хурдан морь түүнийг очихоос ердөө цагийн өмнө айрагдаж, эзнээ баярт мэдээгээр угтсан гэж байгаа. Хэдхэн хоногийн өмнө төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортын дээж болох 100 тоннын даацтай 40 машин  бүхий цувааг БНХАУ-руу үдэв. Ингэснээр Тавантолгойн Зүүн цанхын хэсгийг албан ёсоор ашиглалтад оруулж эхэлсэн гэсэн үг. Засгийн газрын зургаан жилийн хэлэлцээнд цэг тавьсан, эцсийн үр дүн нь тод харагдсан өдөр ч гэж зарим нь уг үйл явдлыг дүгнэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга нь Д.Сугар. Тийм болохоор зөв, буруу гэж удтал хэлэлцэж, хэрэлдсэн Тавантолгойн асуудлыг тэрбээр ийнхүү гараанаас гаргалаа. “Арай л яарлаа, манайх” гэж зарим хүн халаглаад Д.Сугарыг “хэт хурдтай” шийдвэр гаргасан гэж өөлсөн байна билээ. Тэр үнэхээр  яарсан ч байж мэднэ. Магадгүй бүр удсан ч байж болно. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчийг шалгаруулах, Тавантолгойн ордтой холбоотой үнэт цаас болон иргэдэд тараах хувь хэмжээг эцэслэн тогтоох гээд шийдээгүй олон ажил түүний өмнө бас үлдсэн билээ. 

Н.МӨНХТӨВШИН

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж