НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн зөвлөх Жеффри Фелтман Хойд Солонгос дахь дөрвөн өдрийн айлчлалаа өчигдөр өндөрлөсөн ч өгсөн даалгавраа биелүүлж чадаагүй гэнэ.
Фелтман Хойд Солонгосын гадаад харилцааны сайд Ри Ён-ход бараалхаж, албаны бусад хүмүүстэй тив хоорондын баллистик пуужинтай тус улсын туршсан холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч төлөвлөгөө нь талаар болсон байна.
Ажиглагчид 2010 оноос хойш анх удаа тус улсад айлчлахаар очсон НҮБ-ын өндөр тушаалын төлөөлөгч Фелтманыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хүлээн авч уулзаж магадгүй гэж таамаглаж байсан юм. Гэвч Ким Жон Ун НҮБ-ын төлөөлөгчийг хүлээж авч уулзаагүй ажээ.
Хойд Солонгосын удирдагч Фелтманаас өмнө Хятадын дарга Си Жиньпиний тусгай элч Сун Тао болон БНСУ-ын ерөнхийлөгч агсан Ким Дэ-жүний бэлэвсэн эхнэр Ли Хи Ху нарыг мөн хүлээж авалгүй буцаасан байна. Ким Жон Ун 2015 онд Хойд Солонгосын хөдөлмөрийн намын 70 жилийн ойн үеэр Си Жиньпиний тусгай элчийг хүлээж авсан боловч ХКН-ын их хурлын дараа илгээсэн элчийг хүлээж авалгүй нутаг буцаасан нь Хятадад өгч буй улс төрийн мессеж гэж тайлбарлаж байгаа юм.
“Фелтман Ким Жон Унаас цөмийн хөтөлбөр болон пуужингийн туршилтаа зогсоохыг ятгах нь тодорхой байсан. Ким НҮБ-ын төлөөлөгчийг хүлээж аваагүй нь Пхеньян цөмийн хөтөлбөрөө ухарсан алхам хийж буй мэт харагдахыг хүсээгүйтэй холбоотой” хэмээн ажиглагчид тайлбарлаж байна.