Ю.Тимошенког суллах хүсэл иргэний дайн өдүүлж мэднэ

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Ю.Тимошенког суллах хүсэл иргэний дайн өдүүлж мэднэ

“Жүржийн хувьсгал хийж болсон юм чинь яагаад “алимны хувьсгал” хийж болохгүй гэж” хэмээн Украйн улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошенког дэмжигчид Киев хотын Печёрскийн дүүргийн талбайд украйнчуудыг уриалж байна. Энэ талаар Их Британийн “Guardians” сонинд “Жүржийн хувьсгалд гар бие оролцсон Украйн улсын томоохон улстөрчдын нэг Ю.Тимошенког олон улсын хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг ч байгууллага анхаарахгүй байна. Украйны сөрөг хүчний ард хэн байгаа нь олон нийтийн сонирхол татаж байгаа ч зарим судлаачид ОХУ-ын ятгалгаар Ю.Тимошенког баривчлуулсан хэмээн дүгнэж байна” гэж онцолжээ.

Харин ОХУ-ын “Риа Новости”-д уг баривчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл төдийлөн мэдээллээгүй нь хачирхалтай сэтгэгдэл төрүүлж байгааг зарим эх сурвалжууд мэдээлэв. Ю.Тимошенко өмнө нь  “Хэрэв надгүйгээр Украйны улс төр цэцэглэн хөгжих юм бол би сайн дураараа огцрох болно. Энэ улсын төр засагт увайгүй авлигачид, нийгмийг чиглүүлэх шударга улстөрчид байхгүй бол би хэзээ ч бууж өгөхгүй” хэмээж байсан.  Түүнийг дэмжигчид Печёрскид болсон шүүх хурлын гадаа жагсаал хийж байгаа боловч тэд одоогийн байдлаар цагдаагийн албаныхан болон тусгайгийнхний бүслэлтэнд байгаа аж. Мөн эрх баригчид болон шүүхийн зүгээс энэ сарыг дуустал шүүх танхимын  ойролцоо олон нийтийн үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглож, цагдаа нарыг дайчлаад байгаа.

Юлия Тимошенког одоогийн Ерөнхийлөгч Виктор Януковичийн улс төрийн далд явуулгаар Засгийн газрын гишүүдтэй зөвлөлдөхгүйгээр байгалийн хийн гэрээг бусадтай хууль бусаар байгуулсан. Улсын хөрөнгө завшиж, авлига авч, өгсөн хэргээр буруутгаж байгаа талаар Украйн улсын хэвлэл мэдээллийн сайтуудаар мэдээлж байна. Энэ асуудлаар Украйны улстөрчдийн нэг Андрей Александрович “Өнөөдөр Украйн улсад юу болоод байна аа. Улс төрийн эрх мэдэлтнүүд одоо л хэн нь хэн гэдгээ харуулах цаг ирсэн мэт өөр хоорондоо хонь, чоно шиг байгаа нь ард түмний амгалан байдлыг алдагдуулж байна. Бид иргэний дайн хийхэд бэлэн байдалтай байна. Магадгүй энэ асуудал газар авбал үндэсний аюулгүй байдалтай холбоотой болж мэдэх юм. Юлия Тимошенког дэмжигч нар түүнийг сулалтал тэмцэнэ гэж байна. Харин эрх баригчид болон зарим хүмүүс түүнийг буруутгаж байна. Энэ бүхэн иргэний дайн болохгүй гэх баталгаа байхгүйг харуулж байна” гэжээ. Өнөөдрийн байдлаар гэхэд хүчний байгууллагууд хотын хаа сайгүй болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байдалд байгаа аж.  Нөхцөл байдал хүндэрсэнд Украйн улсын иргэд санаа зовж байгаатай холбогдуулан ОХУ-ын “Новости Риссий” агентлаг илт Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг дэмжсэн мэдээллийг цацах болжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр украйнчууд Киев хотын Крешатикийн явган хүний зам дээр 30 гаруй майхан барьж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэднийг цагдаагийнхан жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл аваагүй учраас даваа гарагийн өглөө албадан тараасан талаар “Reuters” агентлаг мэдээлсэн юм.

Украйн улсын урьдчилсан хорих төвд Ю.Тимошенко өмнө нь 2001 оны хоёрдугаар сард  хоригдож байсан удаатай. Мөн түүнийг дэмжигч, сөрөг хүчний төлөөлөгч Александр Турчинов “Бидний мэргэжил нэгт гишүүн улс төрийн томоохон хэрэгт холбогдоод байна. Магадгүй эдгээр увайгүй улстөрчид түүнийг хороох гэсэн далд санаатай байхыг үгүйсгэхгүй. Эсвэл энэ бүхнийг нөгөө талаас нь авч үзвэл хүйсийн ялгаварлал бйаж болох юм. Эмэгтэй хүн гэдэг үүднээс нь ийм зүйл хийгээд байгаа бол бидэнд эртхэн мэдэгдчих” гэсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Нөхцөл байдал улам бүрхэг болж байхад Европын холбооны орнууд Украйны эрх баригчдыг юу ч хийхгүй байгаад шүүмжлэлтэй хандах болж. Энэ талаар Европын орнуудын томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа. Хачирхалтай нь АНУ-ын цагаан ордноос Украйн улсын эрх баригчдад хандан захидал илгээжээ. Уг захидалд Ю.Тимошенког даруй суллахыг шаардсан байжээ. Мөн Украйн улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Ю.Тимошенкотой уулзах хүсэлт гаргасан боловч холбогдох албаныхан зөвшөөрөөгүй аж.

“Шүүх хурлаас түүнийг хүндэтгэн үзээгүй гэх шалтгаанаар өнгөрсөн баасан гарагт баривчилсан ч Ю.Тимошенко өөрийн биеэр олон нийтэд хандан үг хэлэхээс нааш ямар ч байцаалт өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа” хэмээн түүний өмгөөлөгч Юрий Сухов мэдэгдсэн. Шүүхээс түүнийг баривчлах шийдвэрийг гаргахын өмнө Ерөнхий сайд Николай Азаровыг гэрчээр дуудах болсон тухай мэдэгджээ. Николай Азаров ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинаас “Украйн улсад ашиггүй байхад яагаад танайхтай байгалийн хий нийлүүлэх гэрээ хийсэн юм бэ” гэхэд В.Путин “Мэдэхгүй та өөрөө эрх баригчдаасаа асуусан нь дээр” хэмээн хариулт өгсөн талаар “Ассошэйтд Пресс” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн “Украйны ардчилал ийнхүү алга болох гэж байна. Энэ улсад сөрөг хүчний тэргүүнийг баривчилснаар цаашид юу болох нь тодорхойгүй боллоо. Ард түмний ирээдүй дахин дарангуйлагчдын гарт шилжлээ” хэмээн Ю.Тимошенког дэмжигч нэгэн залуу хэлжээ.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж