“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт хэлэлцүүлэг Иргэний танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо. Ерөнхийлөгч хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ АТГ гурван чиглэлээр ажиллах ёстойг онцолсон юм. ‘2012-2016 оны УИХ-ын үед улсын төсвийн хөрөнгөөр олборлолт, хайгуул хийсэн Тавантолгой ордыг хэсэг бүлэг этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэр зааж, парламентаар оруулалгүй, Засгийн газраар шийдвэр гаргуулах гэж дайрсан. Тухайн үед нэр бүхий гишүүд зогсоож, өнөөдөр Тавантолгойн ашгаар улсынхаа төсөв, цалинг тавьж байна. Энэ бүлэглэл одоог хүртэл УИХ болон Засгийн газарт байгаа. Энэхүү ил, тод хэргийг АТГ-аас яагаад шалгахгүй байгаа. 60 тэрбумын асуудал болон 2008-2016 оны хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад 147 тэрбум төгрөг зарцуулсныг шалгахгүй байна вэ гэсэн асуултуудад хариулт өгч, энэ чиглэлээр ажиллах ёстой’-г санууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нийгмийн хамгийн хурц асуудал бол авлига. Авлига бол улс, эх орны хөгжлийг хойш татдаг. Үүнийг өнгөрсөн 27 жил туулсан замнал, эдэлсэн зовлон хангалттай нотолж өглөө. Учир нь, бид ардчилсан нийгмийг сонгохдоо их сайхан амьдарна гэж бодсон. Гэвч өнөөдөр зовлон нь их болсон байна. Харамсалтай нь, авлигатай тэмцэх хүсэл, зориг эрх баригчдад алга. Тэгсэн атлаа өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгон авлигын хэргийг ашиглаж байна. Манай улсад авлига гурван хүчин зүйлээс болж л цэцэглэж байна. Нэгт, уул уурхайн салбар. Ялангуяа “Эрдэнэт” үйлдвэр, “Тавантолгой” болон “Оюутолгой” компанитай холбоотой хэргүүд. Хоёрт, баялгийн лицензийн асуудал. Түүнийг хямдхан авдаг. Түүгээрээ авлига өгч, авдаг. Гуравт, бэлэн мөнгө. Ихэнх бэлэн мөнгө согтууруулах ундаагаар дамжиж байна. Бид жилд нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний архи, согтууруулах ундааг хэрэглэж байна. Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр архидалт газар авч байна. Харин АТГ-ын зовлонг ойлгож байна. Мэдээж МАН-ын 65 бүлгийг илчилж, шалгахад хэцүү. Тэгвэл надтай хамтарч ажиллах саналаа тавь. Тэднээс айгаад байгаа юм бол төрийн тэргүүнтэйгээ хамтарч ажилла. Хамтарч ажиллаж чадвал авлигын ард гарна. Ард түмнээрээ авлигын эсрэг тэмцэх хэрэгтэй байна. Өнөөдөр л бид зоригтой хөдөлж, зоригтой ярихгүй бол хамгийн баян атлаа хамгийн ядуу орон болж хувирах нь” гэлээ.
Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас Монгол Улсад 65,3 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. Өөрөөр хэлбэл, жил хүрэхгүй хугацаанд улс дээрх их хэмжээний хохирол амссан болохыг АТГ-аас танилцуулсан юм.
Ш.ЧИМЭГ