Трампын шийдвэр Газын зурваст үймээн самуун дэгдээлээ

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Трампын шийдвэр Газын зурваст үймээн самуун дэгдээлээ

Трампын шийдвэр Газын зурваст үймээн самуун дэгдээлээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарласнаас болж Палестинчууд эсэргүүцэн босч, Газын зурваст дахин үймээн самуун дэгдээд байна.

Хамас бүлэглэлийн тэргүүн Исмайл Хания  мэдэгдэлдээ Палестины ард иргэдийг “сэрэхийг” уриалах үед Йорданы баруун эргийн Рамалла, Наблус, Хеврон зэрэг хотуудад  “Иерусалим бидний хот” хэмээх лоозон барьсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өрнөжээ.  Палестины удирдагч Махмуд Аббас Трампыг Ойрхи Дорнодын энхийг хэлэлцээг бүрмөсөн зогсоож, АНУ-ын гадаад бодлогын уламжлалыг үгүй хийлээ хэмээн хэлсэн юм. Трампын шийдвэрээс улбаатайгаар бүс нутагт таагүй нөхцөл байдал үүсэх нь нэгэнт тодорхой болсон тул Израиль Йорданы баруун эрэгт цэргээ байршуулж, Палестин сургууль, цэцэрлэгүүдийг хаасан байна.

Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн тогтоолд АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид хориг тавьж, гарын үсэг зурж ирсэн. Трамп тогтоолд хориг тавьж гарын үсэг зураагүй нь АНУ-ын гадаад бодлогод сүүлийн 70 шахам жил баримталж ирсэн тэргүүлэх чиглэлийг өөрчилсөн юм. Трамп энэ шийдвэрээ Израиль-Палестины зөрчлийг шийдэх “шинэ арга зам” хэмээн тайлбарласан билээ.  Израилийн Тель-Авив дахь элчин сайдын яамаа Иерусалим руу шилжүүлнэ гэдэг амлалтыг Билл Клинтоноос авхуулаад Жорж Буш зэрэг АНУ-ын экс ерөнхийлөгчид сонгуулийн кампанит ажлынхаа үеэр сонгогчдод  өгч байсан ч энэ амлалтаас тэр дороо буцсан билээ.

Израилийн ерөнхий сайд  Беньямин Натаньяху Трампын шийдвэрийг магтаж, түүний нэр Израилийн түүхэнд бичигдэхээр боллоо хэмээгээд дэлхийн улс орнуудыг энэ шийдвэрийг дагахыг уриалсан юм.  Гэвч Арабын ертөнц болон дэлхийн бусад улс орнууд Трампын шийдвэрийг эсэргүүцэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж