Төрийн албан хаагч илүү цагийн цалин авна

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагч илүү цагийн цалин авна

Төрийн албан хаагч илүү цагийн цалин авна

Төрийн албаны тухай хуулийг анх 1994 онд баталж, 1995 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Харин 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын 12 гишүүн 2017 оны хоёрдугаар сарын 7-нд өргөн барьж, өчигдөр /2017.12.07/ баталлаа. Хууль батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, БНСУ, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “төрийн алба”-тай холбогдсон хууль тогтоомж, туршлагыг судалж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад тулгуурлан боловсруулжээ. 

Энэ хууль батлагдсанаар дөрвөн том дэвшил гарна гэж хууль санаачлагчид үзэж байна.

  • Нэгдүгээрт, төрийн албыг улс төрөөс ангид байлгах зохицуулалтыг тусгажээ.  

  • Хоёрдугаарт, төрийн албыг мэргэшсэн тогтвортой болгох зүйл заалтуудыг багтаасан байна. Сонгуулийн дараа аль нэг нам, хэн нэгэн хүний ивээлд багтсан хүмүүс төрийн албанд томилогдож байна гэх шүүмжлэл байнга гардаг. Тэгвэл одоо төрийн алба /мерит/ шатлан дэвших зарчмаар ажиллах зохицуулалтыг хийж өгчээ. 

  • Гуравдугаарт, албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлсэн байна. Жишээ нь, буруу шийдвэр гаргасан албан тушаалтан уг асуудлын нөхөн төлбөрийг хувиасаа төлж, огцрох хүртэл арга хэмжээ авах тухай заажээ. Мөн төрийн албаны шалгалт буруу зохион байгуулсан хүмүүсийг төрийн албанд эргэж оруулахгүй байхаар тусгажээ. Ажилтан удаа дараа сахилгын зөрчил гаргасан бол төрийн албанд ажиллах боломжгүйг мөн хуульд багтааж өгсөн байна. 

  • Дөрөвдүгээрт, Төрийн албаны зөвлөлийн бие даасан хараат бус тогтвортой байдлыг хангаж өгчээ. Ингэхдээ Төрийн албаны зөвлөл гурван гишүүнтэй байсныг тав болгон нэмэгдүүлээд хоёр гишүүнийг нь сонгон шалгаруулалтаар авахаар заасан байна. Үүнээс гадна төрийн албаны бүх сонгон шалгаруулалтыг зөвхөн энэ зөвлөл дээр явуулж, ажлын байрны тодорхойлолтыг зургаан жилээр гаргана гэж заажээ.     

Төрийн жинхэнэ албан хаагчид өмнө нь илүү цагийн хөлс авдаггүй байсан бол одоо илүү цагийн нэмэгдэл авахаар тусгажээ.

Төрийн үйлчилгээний албан хаагч / аж ахуй, байгаль орчин гэх мэт/ удаан жилийн нэмэгдэл авдаггүй байсныг шинээр бий болгосон байна. Мөн 36 сар хүртэл тэтгэмжийг улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид олгохоор тусгажээ.  Цаашид төрийн албанд орохын тулд ерөнхий, тусгай гэсэн хоёр шаардлага хангасан байна. 

Ерөнхий шаардлага нь зургаан зүйлтэй бөгөөд анх төрийн албанд орох гэж байгаа хүмүүст хамаарна. Үүнээс хамгийн чухал нь авлига албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүмүүст хаалт тавьжээ. 

Тусгай шаардлага нь дэд түшмэл, ахлах, эрхэлсэн түшмэл зэрэг албан тушаалд хамаарах аж. Жишээ нь Төрийн нарийн бичгийн дарга 16 жил төрийн албанд ажилласан байх. Ингэхдээ найман жилээс доошгүй хугацаанд яамны газар хэлтсийн даргаар ажилласан байх шаардлагатай гэх мэт заалтыг тусгаж өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж