ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2017.12.08-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцож байна

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцож байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо 2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн уулзалтаар ЕАБХАБ-ын оролцогч 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 орны Гадаад хэргийн сайд нар тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс, бүс нутагт тулгамдсан улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн бүгд хуралдаанд үг хэлж, олон улсын маргаантай, хурцадмал асуудлаарх өөрийн улсын байр суурийг илэрхийлж, ЕАБХАБ-ын хүрээнд эдийн засаг, тогтвортой хөгжил, терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагааг чухалчилж буйг тэмдэглэв. Терроризм, хүчирхийлэлд турхирсан хэт туйлшрах үзлээс урьдчилан сэргийлэхэд хамтын хүчээ нэгтгэж, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал хэмээн үзэж байгаагаа Гадаад харилцааны сайд илэрхийлэв. Түүнчлэн Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаах гэж буй нь үндэслэл султай, харамсалтай алхам болж байгааг тэмдэглэв.

Сайд нарын зөвлөлийн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Киргиз, , Казахстан, Унгар, ОХУ зэрэг орны Гадаад харилцааны сайд нар, Австри, Румыны Гадаад хэргийн дэд сайд нар, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНИДО-гийн Ерөнхий захирал, Олон улсын хөгжлийн ОПЕК-ийн сангийн тэргүүнтэй тус тус уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт үргэлжилж байна.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж